ОУПХ-НЫ АССАМБЛЕЙН 138 ДУГААР ЧУУЛГАНД ОРОЛЦОЖ БАЙНА

2018-03-27 Гадаад харилцаа

УИХ-ын дэд дарга, Монголын парламентын бүлгийн гүйцэтгэх хорооны дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй Олон Улсын Парламентын Холбооны Ассамблейн 138 дугаар чуулганд оролцож байна.

Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн Л. Болд, О.Баасанхүү нар багтжээ.

Чуулганы үеэр манай төлөөлөгчид  Ази, Номхон далайн бүлгийн хуралдаанд оролцлоо. Уг бүлгийг Монгол Улс 2017 онд даргалсан бөгөөд энэ жил Микронезийн Холбооны Улс даргалж байна.

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын даргалсан 2017 оны гуравдугаар сарын хурлаар Монголын парламентын бүлгийн санаачилгаар Дүрэмдээ өөрчлөлт оруулж, баталсан юм. Энэ нь 2008 оноос хойш тус байгууллагын дүрэмд хийгдсэн анхны өөрчлөлт байжээ.“Уг өөрчлөлт үйл ажиллагааг сайжруулж, гишүүдийн оролцоог идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болсныг 2017 оны 10 дугаар сарын хуралд оролцогсдын тоо өмнөх хурлынхнаас гурав дахин буюу 150 хүрч нэмэгдсэнээс харж болно” хэмээн хуралдаан даргалагч албан ёсоор дурдаж, Монголын парламентад  баяр хүргэлээ.

Монголын парламентын бүлгээс ОУПХ-ны дөрвөн байнгын хорооны нэг болох Ардчилал, хүний эрхийн байнгын хорооны товчооны гишүүнд УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийг нэр дэвшүүлэхээр санал нэгтэй шийдвэрлэжээ.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид энэ өдөр ОУПХ-ны ерөнхийлөгч, Мексик Улсын сенатын гишүүн, хатагтай Габриэла Куэваст бараалхсан байна. Энэ үеэр УИХ-ын дарга М.Энхболдын илгээлтийг хатагтай Габриэла Куэваст гардуулж, ОУПХ ба Монголын парламент хоорондын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар санал солилцов. Түүнчлэн ОУПХ-ны шугамаар жил бүр зохиогддог Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын парламентын бүсийн чуулганыг Монгол Улсад зохион байгуулах асуудлыг хөндөж ярилцсан байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-ны Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэгт үг хэлэхээс гадна улс орнуудын парламентын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын хэд хэдэн уулзалт хийхээр төлөвлөжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.