Цагдаагийн ерөнхий газраас авто замын нэгдүгээр эгнээгээр зорчихтой холбоотойгоор ЦЕГ-ын, Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга хурандаа Э.Бөхбат сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.
Сүүлийн өдрүүдэд цахим сүлжээгээр авто замын нэгдүгээр эгнээгээр зорчих нь хууль зөрчихгүй гэсэн мэдээлэл тархах болсон. Энэ талаар хурандаа Э.Бөхбат “Иргэд хэвлэн нийтлэх эрхийнхээ хүрээнд цагдаагийн байгууллага болон бусад аж ахуй нэгж байгууллагуудын нэр хүнд рүү халдсан буруу ташаа мэдээлэл цахим сүлжээнд их түгээх боллоо. Эдгээрийн нэг нь 2012 онд НИТХ-ын хурлаар баталсан нэгдүгээр эгнээний талаарх шийдвэрийг хүчингүй болгосон гэсэн ташаа мэдээлэл явж байна. Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Бидний зүгээс жолооч нарт нэгдүгээр эгнээнд тавьж буй хяналт нь хууль зөрсөн үйлдэл биш гэдгийг хэлье. Цахим сүлжээгээр явж буй асуудал бол тухайн иргэний нэг удаагийн гаргасан зөрчил дээрх шүүхийн гаргасан шийдвэр гэж ойлгох хэрэгтэй. Тухайн үед нэхэмжлэгч нь орон зай цаг хугацааны хувьд өөрөө байгаагүй өөр газарт байсан нь тогтоогдсон.
Нэгдүгээр эгнээгээр зорчих асуудлыг цагдаагийн байгууллага үүргийнхээ хүрээнд хяналт тавин үргэлжлүүлэн ажиллах болно. Тиймээс иргэд цахим орчинд тархаж байгаа мэдээллээс үнэн зөв мэдээллээ сонгож уншихыг зөвлөж байна.
Энэ төрлийн зөрчил нэлээдгүй их гардаг. Хөдөлгөөнд оролцож байгаа энэ олон мянган тээврийн хэрэгслүүд зам дээр зэрэгцээд явах юм бол замбараагүй нөхцөл байдал үүснэ. Үүнийг дагаад зам тээврийн осол гарах нөхцөл бүрдэх магадлалтай. Тэгэхээр хөдөлгөөний менежмент хийхгүй бол хүний амь нас эрсдэх, эд хөрөнгөөр хохирох гэх мэт асуудал гарна. Үүнээс урьдчилан сэргийлж хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.