АНУ-ын Засгийн газраас санхүүжүүлдэг Хүнс, хөгжлийн төлөө хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх боломжийг судлахаар 2018 оны энэ сарын 6-нд АНУ-ын Хөдөө аж ахуйн яам, тус улсын Элчин сайдын яамны төлөөлөгчид манай улсад ирлээ.
Төлөөлөгчид 10 хоног ажиллах хугацаандаа Монгол Улсын хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага, хамтран ажиллах, хөрөнгө оруулах боломжийн талаар судалж байгаа бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийнхэнтэй уулзах юм. Энэ хүрээнд ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, хамтран ажиллах ямар боломж байгааг лавлаж, харилцан мэдээлэл, санал солилцсон юм.
Уулзалтад Монголын талаас оролцсон ХХААХҮЯ-ны харьяа Малын удмын сангийн үндэсний төвийн дарга Д.Цолмон, тус төвийн үйлдвэрлэл, технологийн алба, цогцолборын ашиглалтын өмнөх албаны дарга Я.Оюунбилэг нар байгууллагынхаа үйл ажиллагааг танилцуулж, төлөөлөгчдөд хандан цагаа олсон, бидэнд нэн хэрэгцээтэй хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр судалж байгаад талархлаа илэрхийлсэн. Тодруулбал,
Малын генетик нөөцийг хадгалах, хамгаалах, сайжруулах, ашиглах зорилготой Малын удмын сангийн үндэсний төв нь 60 жилийн түүхтэй, 11 аймагт цөм сүргийн салбартай, 34 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Тус төвийн үйл ажиллагааг өргөжүүлэн, олон улсын жишигт хүргэх зорилгоор “Малын удмын сангийн үндэсний цогцолбор”-ыг байгуулах шийдвэр гаргасан. Одоогоор малын байр, фермийн барилга, лаборатори, сургалтын төв, музей зэрэг 18 барилгыг ашиглалтад оруулаад байгаа бөгөөд дотоод засал, сантехникийн ажлыг бүрэн дуусгаж, тоног төхөөрөмжүүдийг суурилуулснаар энэ оны 6 дугаар сард нээлтээ хийхээр төлөвлөж байна.
Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ, Малын удмын сангийн үндэсний төв нь “Төрөөс мал аж ахуйн талаар баримтлах бодлого”, “Монгол мал”, “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-т тусгагдсанаар газар тариалангийн бүс нутагт (Сэлэнгэ, Дархан, Төв, Булган, Хэнтий) түшиглэсэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх замаар мах, сүүний дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж, экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхийг зорьж байна. Мөн малаас гарах ашиг шим, үүлдэр угсааг сайжруулах зорилгоор лимузин, герефорд хар тарлан, шар тарлан, алатау гэсэн олон улсад бүртгэлтэй, өндөр ашиг шимтэй үүлдрийн үрийг ХБНГУ, БНХАУ, Чех зэрэг улсаас импортолж, зохиомол хээлтүүлэг хийдэг гэдгийг Д.Цолмон дарга онцолсон юм. Ингээд цаашид олон улсад бүртгэлтэй эцэг малын үүлдэр, донор мал авахад дэмжлэг үзүүлэх, Мал удмын сангийн үндэсний цогцолборын молекул, генетикийн лабораторид тоног төхөөрөмж нийлүүлэх, ажилтан, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах хэрэгтэй байна тодорхой гурван саналыг АНУ-ын талд дэвшүүллээ.
АНУ-ын Хүнс, хөгжлийн төлөө хөтөлбөр нь (FFPR) анх 1986 онд АНУ-ын Хүнсний аюулгүй байдлын тухай хуулийн хүрээнд батлагдсан байна. Хөгжиж буй орнуудын хөдөө аж ахуйн салбарын бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлийг тэлэх зорилготой уг хөтөлбөрт хамрагдвал 5 жилийн хугацаатай, 15-20 сая ам.долларын санхүүжилт авах боломжтой гэж АНУ-ын Хөдөө ахуйн яамны шинжээч Томас М.Сзумански хэллээ. Тэрээр АНУ-ын өндөр ашиг шимт малын үүлдэрийг нийлүүлэх боломжтой гэсэн бол хүнс, хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн, судлаачдад зориулсан богино болон дунд хугацааны сургалт, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулж болно гэж АНУ-ын Элчин сайдын яамны атташе Гене Ким мэдээлсэн. Төлөөлөгчдийн тухайд Монгол Улсыг хөтөлбөртөө хамруулах талаар баримт, мэдээллийг ийнхүү газар дээрээс нь ирж цуглуулсны үндсэн дээр АНУ-ын Засгийн газар албан ёсны шийдвэрээ гаргах юм.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.