Ц.Цолмон: Тамганы тос дуусна гэж юу байхав дээ

2018-02-13 Парламент

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн дарга Ц.Цолмон нар УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн.

Энэ үеэр “УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн ордонд хэлэлцүүлэг хийе гэтэл заал өгөхгүй байна. Тамганы тос дууссан гэдэг зүйл ярьж байна гэх юм. УИХ-ын гишүүддээ ялгавартай ханддаг юм биш биз дээ” гэсэн сэтгүүлчийн асуултад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон дараах хариултыг өгсөн юм.

УИХ-ын мэдэлд Байнгын хороод болон Ажлын хэсэг хуралдах зориулалттай дөрвөн танхим бий. Нэг танхимд нь нууцын зэрэглэлтэй асуудал хэлэлцдэг, тэр чиглэлээр тоноглогдсон байдаг. УИХ-ын Тамгын газар бол УИХ-ын л Тамгын газар, түүнээс биш аль нэг намын бүлгийн Тамгын газар биш. Энэ удаагийн УИХ-д хоёр намын бүлэг, МАХН-аас сонгогдсон нэг гишүүн, бие даагч нэг гишүүн ажиллаж байна. Бид хүн ёсны үүднээс бие дааж сонгогдсон гишүүн С.Жавхлан, МАХН-аас нэр дэвшиж сонгогдсон гишүүн О.Баасанхүү нарын хүсэлтийг аль болох биелүүлчих юмсан, ямар нэг байдлаар буруу сэтгэгдэл төрүүлчихгүй юмсан гэж анхаарч ажилладаг.

Тамганы тос дуусна гэж юу байхав дээ. Заал танхимд ороход ямар тамга дараад байх юм биш. УИХ-ын мэдлийн дөрвөн танхим Байнгын хороо, Ажлын хэсгийн хуралдаанд зориулагдсан байх ёстой. Гишүүдийн зүгээс улс төрийн үйл ажиллагаа биш хууль тогтоох үйл ажиллагаа явуулаасай л гэж бид хүсдэг. С.Жавхлан гишүүн Тамгын газарт хандаж танхим гаргаж өгөх хүсэлт тавьсан. Тухайн үед дөрвөн танхимд Байнгын хорооны хуралдаан болон хэлэлцүүлэг давхацсан учраас заал гаргаж өгөх боломж байгаагүй. Түүнээс биш гишүүдээ энэ тэр намынх, бие даагч гэх зэргээр ялгавартай ханддаг юм байхгүй, тийм зүйл ч байх ёсгүй гэсэн хариулт өгсөн юм.

Өнөөдрийн онч үг

20 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.