УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан: Монголбанкны бие даасан, хараат бус байдал сайжирсан

2018-02-13 Парламент

Хэвлэлийн бага хурал

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны тайланг өнөөдөр (2018.02.12) сэтгүүлчдэд танилцуулж, мэдээлэл хийлээ.

УИХ-ын 2017 оны намрын ээлжит чуулган 93 өдөр хуралдан завсарлаад байгаа бөгөөд энэ хугацаанд улс орны эдийн засгийн нөхцөл байдалд эерэг нөлөөтэй, нийгмийн өмнө тулгамдаж байсан асуудлуудыг оновчтойгоор шийдвэрлэсэн, олон нийтийн хүлээж байсан хууль, тогтоолуудыг баталсан болохыг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хэвлэлийн хурлын эхэнд тэмдэглэн хэлэв. УИХ намрын ээлжит чуулганаараа бие даасан 18 хууль баталсан бол нийт 95 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-ын 54 тогтоол баталсан байна.

Энэ удаагийн ээлжит чуулганы хугацаанд баталсан Монгол Улсын 2018 оны төсвийн тухай хууль нь улс орны эдийн засаг, нийгмийн асуудлуудыг шийдвэрлсэн томоохон хуулиудын нэг байсныг тэрбээр онцоллоо. Төсвийн алдагдал өндөр, эдийн засгийн өсөлт зогссон 2015-2016 онд үргэлжилсэн эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд засгийн эрхийг авсан УИХ, Засгийн газар ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Ямар шалтгаанаар энэ хөтөлбөрт хамрагдахад хүрсэн, энэ нь улс орны эдийн засгийн нөхцөл байдал хэрхэн эерэг нөлөө үзүүлсэн талаар олон нийт мэдэж байгаа гэдгийг Л.Энх-Амгалан дарга тэмдэглэн хэлсэн.

2016 онд төсвийн алдагдал 2.4 их наяд хүрсэн байсан.

Тайлбарлавал, Монгол Улс зургаан төгрөг олдог хэрнээ найман төгрөгийн зардал гаргадаг, 2 төгрөгийг гадаад, дотоодын өндөр хүүтэй зээлээр нөхөж байсан үе. Эдийн засгийн өсөлт нь -1 хувь, валютын нөөц нь 1 тэрбум төгрөгт хүрч буурсан байв. Гадаад валютын нөөц багасахн хэрээр төгрөгийн худалдан авах чадвар сулардаг. Харин 2018 оны төсөвт эдийн засаг 4.2 хувиар өмнө хэмээн төлөвлөж байга. Эдийн засгийн 1 хувийн өсөлтийн цаана 10.000 ажлын байр бий болдог гэсэн тооцоолол байдаг. Тэгвэл эдийн засгийн дээрх хэмжээний өсөлтийн нөлөөллөөр ажлын байр шаардлагатай байгаа 100.000 гаруй иргэний 40.000 нь ажлын байртай, орлоготой болохуйц нөхцөл бололцоо бүрдээд байгааг УИХ-ын дэд дарга дурдав.

Өндөр хүүтэй зээлийн төлбөртөө Монгол Улс  2016-2017 онд 1.5 их наядыг төлсөн бөгөөд энэ нь улсын төсвийн ¼ хувьтай тэнцэж байсан.

Харин УИХ 2018 онд төсвийн алдагдлыг тодорхой хувиар бууруулснаараа улс орны эдийн засгийн амьдралд эерэг ач холбогдолтой юм. Сүүлийн жилүүдэд улсын төсвийн алдагдал өндөр байсан тул улсын төсвөөс нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй байсан. Мөн барилга обьект, зам, дэд бүтцийг барьж, шилжүүлэх концессын гэрээгээр гүйцэтгүүлж ирсэн бөгөөд эдгээрийн төлбөрийн хуримтлал үүсээд байсан нь төсөвт ихээхэн дарамт болж байсныг тэрбээр дурдав.

Харин 2018 онд 780 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм. Энэ хүрээнд бүх хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх боломж бүрдэнэ. Нийслэл, аймаг, шаардлагатай сумын төвүүдэд цэцэрлэгүүдийг барих бөгөөд 0-6 насны хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсрол эзэмших эрхийг сугалаагаар хязгааралдаг байсан явдал 2018 оны есдүгээр сараар тасалбар болно гэдгийг онцоллоо. Гурван ээлжээр хичээллэлдэг ерөнхий боловсролын сургуулиудын асуудлыг шийдэх хүрээнд энэ онд улсын хэмжээнд 32 сургуулийг шинээр барина. Энэ нь хүүхдүүдийн сурч боловсрох эрхийг хангах чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй томоохон шийдэл гэдгийг тэмдэглэв.

УИХ-ын дэд дарга “Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэрийг 2017 оны намрын чуулганаар УИХ гаргасан. Улсын хэмжээнд тэтгэвэр авдаг 350.000 ахмад настан байдаг бөгөөд тэдний тэтгэврийн хэмжээг энэ оны хоёрдугаар сараас 27.000 төгрөгөөр нэмж байгаа. Мөн насны хишигийг 2016 оноос олгосон бөгөөд цагаан сараас өмнө олгох асуудлыг төсвийн хуулиараа шийдсэн гэдгийг дуулгахад таатай байна” гэлээ. Эдгээр боломж хэрхэн бий болсон бэ гэдгийг олон нийт сонирхож байгааг тэрбээр дурдаад, “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхдээ ОУВС-тай анх нэлээд хатуу нөхцөлөөр тохирсон байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дээрх хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд богино хугацаатай, өндөр хүүтэй авсан байсан зээлийг урт хугацаатай, бага хүүтэй зээлээр сольсон. Ингэснээр төсөвт ирэх зээлийн төлбөрийн дарамтыг бууруулсан. Үүний үр дүнд жилд 130 тэрбум төгрөгийн хэмнэлт хийх нөхцөл бүрдсэн. Хэмнэлтийн энэ орлогоо ахмад настнуудын тэтгэврийг нэмэх, төрийн албан хаагчдын цалин, улсын төсвийн хөрөнгө оруулалтуудыг нэмэгдүүлэх чиглэлд зарцуулж байна.

Эдийн засгийн эерэг өөрчлөлт бий болсон тул нийгмийн шинж чанартай асуудлуудыг шийдвэрлэхээр ОУВС-тай дахин тохиролцож чадсан. Өөрөөр хэлбэл, тэтгэвэрт гарах насыг сонголттой болгох бололцоотой боллоо. Ажилласан жил нь тэтгэвэрт гарах болзол хангасан тохиолдолд эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтгэвэрт гарах эсэхээ тухайн иргэн сонгох эртхэй болсон. Мөн тэтгэврийн насыг жил бүр 6 сараар сунгах зохицуулалтыг бууруулж 3 сар болгохоор тохиролцоонд хүрсэн. Энэ хүрээнд Улсын Их Хурал бодлогын баримт бичгүүдийг баталлаа.

Мөн “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд 2018 оны улсын төсөвт холбогдох санхүүжилтийг тусгасан гэв. Өнөөдөр улсын хэмжээнд 135.000 ээж сар бүр 50.000 төгрөгийн тэтгэмж, 3 болон түүнээс олон хүүхэдтэй өрх толгойлсон ээж, аав болох 17.000 иргэнд улирал бүр 240.000 төгрөгийн тэтгэмж олгох хуулийг 2017 оны намрын ээлжит чуулганы хугацаанд баталсан.

Улсын хэмжээнд 130.000 орчим малчин өрхийн 300.000 гаруй малчин энэ салбарт ажил хөдөлмөр эрхэлж байгаа. Малчдынхаа тэтгэврийн насыг 5 насаар наашлуулах хуулийг баталсан. Эл хууль 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 13.000 малчин энэ хүрээнд тэтгэвэртээ гарах эрх нь нээгдэж, үүнд шаардлагатай 137 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг  2018 оны улсын төсөвт тусгасан гэдгийг Л.Энх-Амгалан дарга хэвлэлийнхэнд мэдээллээ.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, орон нутагт ажлын байр, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр 62 тэрбум төгрөгийг 2018 оны улсын төсвийн эх үүсвэрт баталсан. Ингэснээр орон нутагт ажилгүйдэл буурах, үүний нөлөөллөөр ядуурал багасах боломж бүрдэж байгаа гэдгийг онцоллоо.

УИХ намрын чуулганаараа агаарын бохирдлын асуудалд онцгойлон анхаарал хандуулж ажилласанд олон нийт дэмжиж байгаа. Энэ хүрээнд УИХ-ын тогтоол баталсан бөгөөд урьд жилүүдэд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр зарцуулсан хөрөнгө, төсвийн хяналтыг хийх, хариуцлага алдсан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, цаашид агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нэн тэргүүнд, дунд хугацаанд болон урт хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлыг эрэмбэлэн Засгийн газартай хамтран ажиллахаар тусгасан. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр оруулж ирж буй тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх, энэ чиглэлийн дотоодын үйлдвэрлэлийг мөн татварын бодлогоор дэмжих, гаднын хөрөнгө оруулалтыг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулан иргэдээ орон сууцжуулахад онцгойлон анхаарах чиглэлээр ажиллах шийдвэрүүдийг гаргасан талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Үргэлжлүүлэн тэрбээр мал эмнэлгийн сайн засаглалыг хөгжүүлж, мэргэжлийн үйлчилгээг тогтвортой санхүүжилтээр, иж бүрэн, хүртээмжтэй, хийдэл, давхардалгүй, үр ашигтай үзүүлэх нөхцөлийг хангасан эрх зүйн орчныг бүрдүүлэх Мал, амьтны эрүүл мэндийн тухай, мал болон ашиг шимийг ашигладаг тэжээвэр амьтан, түүний генийн сан, үржүүлгийн бүтээгдэхүүн, эдгээрт хамааралтай уламжлалт мэдлэгийг нэгтгэн “малын генетик нөөц” гэж томьёолон, энэхүү нөөцийн төлөв байдлыг тодорхойлох, бүртгэх, хадгалах, хамгаалах, тогтвортой ашиглах, судлан хөгжүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах Малын генетик нөөцийн тухай хуулиудыг баталсан талаар танилцуулсан.

Түүнчлэн Монголбанкны бие даасан, хараат бус байдал сайжирч, мөнгөний бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагааны оновчтой зохицуулалт бий болж, эдийн засгийн макро түвшинд үнийн болон санхүүгийн тогтвортой байдал хангагдаж, урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих Төвбанк /Монголбанк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар мөн танилцуулсан. Ээлжит чуулганы хугацаанд баталсан өөр нэг чухал эрх зүйн баримт бичиг бол Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль байсан бөгөөд банкны төлбөрийн чадвар алдагдсан, эсхүл алдагдаж болзошгүй болсон тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхолд нийцтэй банкны үндсэн үйл ажиллагааг хадгалах үүднээс банкинд бүтцийн өөрчлөлт хийх, түүнийг хэрэгжүүлэх хэрэгсэл, нөхцөл, журмыг шинээр тодорхойлж, төв банк эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг хэрэгжүүлэх эрх зүйн орчин сайжрах ач холбогдолтой талаар тайлбарлалаа.

УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудыг сайжруулах чиглэлээр тодорхой ажлуудыг хийж эхлээд байгаа бөгөөд ирэх хаврын чуулганаар үүнтэй холбоотой төслүүдийг хэлэлцэн, шийдвэрлэх боломж бүрдсэн талаар мэдээлсэн.

УИХ-ын хууль тогтоох үйл ажиллагааны талаар Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон зарим баримт дурдаж танилцуулсан юм. Үе үеийн УИХ-ын эхний гурван ээлжит чуулганы үйл ажиллагааны харьцуулсан тоон мэдээллийг тэрбээр танилцууллаа. 2004-2008 оны УИХ эхний гурван ээлжит чуулганы хугацаанд нийт 178 хууль, 2008-2012 оны УИХ 201 хууль, 2012-2016 оны УИХ 269 хууль баталсан бол энэ удаагийн УИХ эхний гурван ээлжит чуулганы хугацаанд 493 хууль баталсан байна. УИХ-ын гишүүдийн хуралдааны ирцийг дээрх үзүүлэлтээр харьцуулбал 2004-2008 оны УИХ эхний гурван ээлжит чуулганаар 17444 цаг, 2008-2012 оны УИХ 21354 цаг, 2012-2016 оны УИХ 17061 цаг хуралдсан бол энэ удаагийн УИХ 24895 цаг хуралджээ. Өөрөөр хэлбэл, 2016-2018 оны хугацаанд УИХ харьцангуй их ачаалалтай ажилласан болохыг эдгээр тоон үзүүлэлт илэрхийлж байгааг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон онцоллоо.

Ийнхүү хэвлэлийн хурлын төгсгөлд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгөв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

21 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.