Тохиролцоо хийх нэрээр 106 тэрбум ам.долларыг Саудын Араб эргүүлэн татжээ

2018-02-6 Ертөнц

Авлигын хэрэгт холбогдсон этгээдүүдтэй шүүхийн шатнаас өмнө тохиролцоо хийх замаар Саудын Арабын эрх бүхий байгууллага 106 тэрбум ам.долларыг эргүүлэн авч чадсан байна.

“Хэрэгт холбогдуулан 381 хүнийг шалгаж, тэднээс 56 хүнийг авлигын эсрэг кампанит ажлынхаа хүрээнд баривчлан саатуулсан бөгөөд тохиролцоогүй бусад хүмүүсийн хэргийг шүүхэд шилжүүлсэн” гэж тус улсын Прокурорын байгууллага мэдээлжээ.

Хэвлэл мэдээллийнхний мэдээлснээр, Эр-Рияд хот дахь “Ритз-Карлтон” зочид буудалд хоригдсон бүх хүнийг өнгөрсөн мягмар гарагт сулласан бөгөөд зочид буудал нь 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн урьдын адил үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлэх юм байна.

Эрх бүхий байгууллага төрийн өндөр албан тушаалтнуудад холбогдох хэргүүдийг хянан шалгах ажиллагаа явуулж, 1 дүгээр сарын 24-нд дуусгасан гэж мэдээлсэн бөгөөд хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь шүүхийн өмнөх шатанд тохиролцоо хийсэн байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.