Зам тээврийн салбараас төрийн дээд одон, медальтнууд төрлөө
Ерөнхийлөгчийн зарлигаар Зам тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, тус салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн шилдэг ажилтануудад төрийн дээд одон, медаль гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр ЗТХЯ-нд оллоо.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас, Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Хөдөлмөрийн хүндэт медаль болон Найрамдал медалиар шагнасан шагналыг Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ нар гардуулан өглөө.
Тухайлбал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор ЗТХЯ-ны хуулийн хэлтсийн дарга Нэргүйн Бат-Эрдэнэ, УБТЗ ХНН-ийн Дохиолол холбооны 2-дугаар ангийн ахмад ажилтан Доржийн Гүнсэл, “Замын битум” ХХК-ийн ерөнхий инженер Батчулууны Баясгалан, Монгол авто замчдын холбооны тэргүүн Тэрбишийн Бямбаа нарын 10 хүнийг тус тус шагнасан бол “Алтан гадас” одонгоор ЗТХЯ-ны ахлах мэргэжилтэн Нямдоржын Буянт, МТЗ ТӨХК-ийн мэргэжилтэн Борисын Буяннэмэх, ЗТХЯ-ны хуулийн хэлтэст ажиллаж байсан ахлах мэргэжилтэн Дагвын Жавхлан, УБТЗ ХНН-ийн замын аж ахуйн албаны эдийн засагч Даваагийн Даваамөнх нарын 25 хүнийг шагналаа.
Хөдөлмөрийн хүндэт медалиар УБТЗ ХНН-ийн вагоны үйлчлэгч Нямаагийн Баасанхүү, Шинэ нисэх буудлын төслийн нэгжийн менежер Гүрдоржийн Бат, ЗТХ-ийн сайдын зөвлөх асан Намсрайн Батсуурь нарын 28 хүнийг шагнасан юм.
Мөн “Найрамдал” медалиар УБТЗ ХНН-ийн Санхүүгийн асуудал эрхэлсэн орлогч Усольцева Светлана Яковлена, УБТЗ ХНН-ийн хуулийн албаны дарга Яковенко Елена Рудольфовна нарыг тус тус шагналаа. Ёслолын ажиллагааны үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ төрийн дээд одон, медаль хүртсэн нийт гавьяатнууддаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүслээ.
Өнөөдөр мөн Зам тээврийн салбараас 5-н гавьяат төрснийг Ж.Бат-Эрдэнэ сайд тэргүүтэй яамны удирдлагууд хүлээн авч алд цэнхэр хадаг мөнгө аягатай хүндэтгэл үзүүлэн амжилт бүтээлийн дээдийг ерөөн баяр хүргэлээ.
Гавьяат тээвэрчин цол тэмдэгээр ЗТХЯ-ны өндөр настан Намсрайн Нямдаваа, гавьяат нисгэгч МИАТ ХК-ийн Бойнг 767-300 агаарын хөлгийн багш нисгэгч, Готовын Мөнх-Очир, гавьяат эдийн засагч – ЗТХЯ-ны санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга асан Зундуйдаваагийн Цэрэнчимэг, гавьяат барилгачин цол тэмдэгээр “Хурдны зам” ХХК-ийн ерөнхий захирал Шагдарсүрэнгийн Бат-Энх, “Арсиэссий” ХХК-ийн захирал Доржцэвээний Баасанхүү нарыг тус тус шагнаж урамшууллаа.