Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар сайд Д.Сарангэрэлийг томилжээ

2017-12-15 Парламент

Улсын Их Хурлын 2017 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.12.15) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 43 минутад гишүүдийн 51.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааны эхэнд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа танилцуулав.

Тэрбээр танилцуулгадаа, Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлд Засгийн газрыг төлөөлөх гишүүдийн талаарх саналаа Монгол Улсын Засгийн газраас 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдөр тус Байнгын хороонд ирүүлсэн. Байнгын хорооны хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн Засгийн газрыг төлөөлөх гишүүн Баттогтохын Чойжилсүрэн, Нямтайширын Номтойбаяр, Аюушийн Цогцэцэг нарыг чөлөөлөх, Чимэдийн Хүрэлбаатар, Содномын Чинзориг, Даваажанцангийн Сарангэрэл нарыг томилох саналыг хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Эрүүл мэндийн сайд Даваажанцангийн Сарангэрэлийг томилох санал дэмжигдсэн гэж дурдлаа.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй. Иймд Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилж, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолын төсөл батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 87.8 хувь нь дэмжив.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр өргөн мэдүүлсэн Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай саналыг зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Монгол Улсын нууцтай холбогдох олон асуудал яригдах тул хуралдааныг хаалттай горимоор хэлэлцэх санал гаргав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх уг саналыг дэмжсэн тул УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хаалттай горимоор асуудлыг хэлэлцэж шийдвэрлэхээр болов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.