УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийлээ.
Тус бүлгийн хуралдаанаар Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. УИХ-ын дэд дарга, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын дарга Я.Санжмятав уг хуулийн төслийг өргөн мэдүүлсэн юм. Иймд УИХ-ын дэд дарга Я.Санжмятав төслийг санаачлагчийн хувиар оролцож мэдээлэл хийв. Тэрбээр хуулийн төслийн тухайд, “Улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хууль нь 1998 оны нэгдүгээр сард батлагдсан гарсан. Хууль хэрэгжээд 18 жил болсон байна. Уг хуулийн дагуу улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн иргэдийн нэр төрийг сэргээн цагаатгах, тэдэнд тусламж дэмжлэг үзүүлэн нөхөх олговор олгох, дурсгалыг мөнхжүүлэх ажлыг хийж ирсэн. Мөнгөн дүнгээр авч үзвэл, өнгөрсөн хугацаанд 19 тэрбум төгрөг зарцуулжээ. Одоогийн байдлаар сүүлийн 7 жилд ямар нэг өргөдөл шинээр чадаагүй. Өөрөөр хэлбэл өргөдөл авах хуулийн хугацаа дуусгавар болсон. Иймд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаанаас цагаатгалтай холбоотой зөвлөмж гаргасан. Зөвлөмждөө цагаатгуулах өргөдөл хүлээн авах болон нөхөх олговор олгох хуулийн хугацааг хоёр жилээр сунгаж, энэ хугацаанд цагаатгагдаагүй иргэдийн хэргийг бүрэн шалгаж дуусгах үүрэг өгсөн байдаг. Энэ дагуу хуулийн төслийг боловсруулсан” гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “УИХ-ын байнгын хороо болон чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдаанаар тус хуулийн төслийг авч хэлэлцэнэ. АН-ын бүлэг хуулийн төслийг бүрэн дэмжиж байгаа” гэв.
Үүний дараа сэтгүүлчид сонирхсон асуудлаа тодруулсан юм.
-Нөхөн олговрын хэмжээ, тусламж ямар байх вэ?
-Иргэд 1-2 өрөө байр юм уу бэлэн мөнгөний хүсэлт тавьж буй. Өнөөдөр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Нөхөн олговрыг 2019 оноос олгож эхэлнэ.
-Намрын чуулган хэр чадамжтай чуулган болж өнгөрч байна вэ?
-Намрын чуулганаар дорвитой хэлэлцэж шийдсэн асуудал алга. Томоохон бүтээн байгуулалт, банк санхүүгийн асуудлаа яаралтай хэлэлцэх ёстой. АН-ын бүлэг он гараад хэлэлцүүлгийн хэв маягтаа өөрчлөлт оруулна. Аль болох банк санхүүтэй асуудлыг барьж авч ажиллана.
-Нийтийн сонсгол явуулах асуудал аль шатанд яваа вэ?
-Нийтийн сонсгол явуулах ажлын хэсэг хуралдсан. Нийтийн сонсгол явуулах болоход нарийвчилсан журам батлагдаагүй тул асуудлыг Өргөдлийн байнгын хороо руу шилжүүлсэн. Тус хороо нээлттэй хэлэлцүүлэг хийнэ байх гэж найдаж байна.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.