УИХ-ын НББСШУ-ны байнгын хороо, Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран “Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр (2017.11.15) зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Гантулга, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Сергей Диордица болон эрүүл мэндийн салбарт ажиллаж буй 80 гаруй эмч, мэргэжилтэн оролцсон юм.
Эхлээд УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг Дэлхийн мэс засалчдын байгууллага (American College of Surgeons)-аас “Шилдэг мэс засалч” шагнал хүртсэн Анагаах ухааны үндэсний их сургуулийн Мэс заслын тэнхимийн эрхлэгч, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын хүний гавьяат эмч О.Сэргэлэнд баяр хүргэж, ажлын амжилт хүссэн.
Байнгын хорооны дарга хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар донорын үйл ажиллагааг зохион байгуулах удирдлагын тогтолцоо бий болж, амьгүй донороос эрхтэнг шилжүүлэн суулгах болон цус, цусны бүрдэл, эсийг эмчилгээний зориулалтаар хэрэглэхээр авах, шинжлэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, хэрэглэх, экспортлох, импортлох, цусны байнгын донорын тоог нэмэгдүүлэх, эгнээг нь өргөжүүлэх, сурталчлах, урамшуулах, алдаршуулахад аж ахуйн нэгж байгууллага, албан тушаалтан, иргэдийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулахтай холбогдсон эрх зүйн орчин бүрдэх юм гэлээ.
Мөн үүдэл эсийн үндэсний банк байгуулснаар цусны хавдар төдийгүй цус төлжилгүйдлийн цус багадалт, чихрийн шижин хэв шинж, аутизм, зүрхний өвчин, сөрөг дархлааны бүх өвчин, удамшлын болон бодисын солилцооны эмгэг зэрэг 280 гаруй өвчнийг эмчлэх боломж бүрдэнэ гэж тэрбээр онцоллоо.
Уг хэлэлцүүлэгт “Монгол Улсын цусны донорын өнөөгийн байдал”, “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр 5”, “Монгол Улсад эрхтэн шилжүүлэн суулгалтын өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудал”, “Эрхтэн шилжүүлэх төвийн үйл ажиллагаа, элэг, бөөр, ясны чөмөг, үүдэл эс шилжүүлэн суулгалт, бэлгийн эсийн донорын зохицуулалт” зэрэг сэдвээр эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд илтгэл тавьсан юм.
Хэлэлцүүлэгт оролцогчид хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын хүний гавьяат эмч О.Сэргэлэн “Монгол Улсад өнөөдөр элэг, бөөр, ясны чөмөг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг амжилттай хийж эхэлсэн. Цаашид бусад эрхтнийг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийдэг болох шаардлага үүсч байна.
ДЭМБ-аас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэх хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх шаардлагатай гэсэн зөвлөмжийг бидэнд өгсөн. Хуулийн төсөлд донорын эд эрхтэнг тээвэрлэх, хадгалах, шилжүүлэх зэрэг асуудлыг нарийвчлан тусгаж өгсөн. Мөн донорын санхүүжилт, урамшуулал, нийгмийн асуудлыг дэмжих тогтолцоог боловсронгуй болгохоор тусгасан” гэж байлаа.
Түүнчлэн Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн зөвлөх, Монгол Улсын хүний гавьяат эмч П.Батчулуун, хуулийн төсөлд Эрүүл мэндийн яамны дэргэд тархины үхэлтэй донорыг бүртгэдэг, эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаанд орох хүмүүсийг бүртгэдэг, эдгээр хүмүүсийн хуваарилалтад хяналт тавих үүрэг бүхий алба бий болгохоор тусгасан талаар нэмж тайлбарлав.
Төгсгөлд нь УИХ-ын гишүүн, Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч Д.Гантулга, өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцсон эмч, мэргэжилтнүүд та бүхэн өөрсдийн саналаа Байнгын хороо болон Ажлын хэсэгт хүргүүлэх боломжтой гэдгийг онцлон хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.