Ц.ЦОГЗОЛМАА: ХУУЛЬ БУС АЖИЛ ХАЯЛТАД ОРОЛЦСОН БАГШ НАРТ ЦАЛИН БОДОХГҮЙ

2017-11-14 Боловсрол

Багш нар өнөөдрөөс ажил хаялтаа зогсооно

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр үдээс хойш БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа болон Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Ж.Батзориг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, өрнөөд буй нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Шинэ Засгийн газар багш нарын цалин, үр дүнгийн урамшуулал, бодит орлогыг нэмэгдүүлэхэд анхаарч, багш нарыг Засгийн газрын түвшинд бүх талаар дэмжиж ажиллахаа ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар илэрхийллээ.

Уулзалтаар багш нарын ажил хаялтыг зогсоож хүүхэд, эцэг эх, багш нарын эрх ашгийн төлөө хамтарч ажиллах зөвшилцөлд хүрч, БСШУСЯ болон Боловсрол, шинжлэх ухаан, үйлдвэрчний эвлэлийн холбооны хоёр талын хэлэлцээр /2017.11.14/ үргэлжлэхээр боллоо.

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа хугацаагүй ажил хаялт зарлаад байгаа багш нарт ийнхүү мэдэгдлээ.

Тэрбээр “Ерөнхий боловсролын сургуулиудын удирдлагуудад БСШУС-ын сайдын зүгээс ажил хаялт эхлэхээс өмнө хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт хэлэлцээрийн үр дүнгийн талаарх мэдээллийг албан ёсоор хүргүүлсэн. Мөн нэг зүйлийг анхааруулсан. ХНХЯ, МҮЭХ, Ажил олгогч эздийн холбоотой нийгмийн гурван талт зөвшилцлийн хүрээнд гэрээ байгуулсан. Зөвшилцөлд хүрсэн учир ажил хаялт зохион байгуулах нь хууль бус гэдгийг багш нарт анхааруулсан.

Багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо хууль бус ажил хаялт зохион байгуулж байна. Бид 2018 оны 1-р сарын 1-ээс эхлэн үндсэн ажлаа таслахгүйгээр хичээлээ заагаад явж байгаа багш нарын цалинг 20 хүртэлх хувиар нэмэх, анги даасан, дугуйлан хичээллүүлсэн, улсын болон орон нутгийн чанартай уралдаан тэмцээнд сурагчдаа бэлтгэж байгаа багш нарт цалингийн 20%-тай тэнцэх хэмжээний урамшуулал олгох асуудлыг шийдсэн. Өөрөөр хэлбэл хариуцсан ажлаа сайн хийж байгаа багш нар сард 45%-ийн урамшуулал авах боломжтой болсон.

Хууль бус ажил хаялтад оролцсон багш нарт цалин бодохгүй. Өнөөдөр авч байгаа цалинг нь аваад ажиллах хүсэлтэй хүмүүс ч байна. ЕБС-иудын 30 орчим хувь нь, цэцэрлэгүүдийн 60 орчим хувь нь ажил хаялтад оролцсон байна. Боломжийг нь олгоод тавьж байгаа шаардлагыг нь биелүүлж байхад хууль зөрчсөн ажил хаялт хийж байгаа хүмүүстэй ямар хариуцлага тооцох вэ? Боловсролын байгууллагад удирдлагын менежмент алдагдсан байна. Чанартай боловсролын үйлчилгээ хүүхдүүдэд хүргэсэн багш нар цалин авах ёстой. Цалин нэмэх асуудал дээр анхаарал тавиад ажиллаж байхад нийгмийн сэхээтэн болсон багш нар маань ийм зохион байгуулалтад орж байгааг гайхаж байна. Гэтэл ажилгүй иргэд маань Төр засгийнхаа нөхцөл байдлыг ойлгож байна. Ажлын байргүй маш олон багш нар бий” гэжээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.