“Хүрэлтогоот-2017” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр нийт 79 илтгэлийг салбар тус бүрээр нь хэлэлцүүлсэнээс шилдгээр шалгарсан 12 бүтээлд БСШУС-ын сайдын нэрэмжит грантыг гардуулсан юм. Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд нийт 400 орчим эрдэмтэн судлаач оролцох хүсэлтээ ирүүлжээ. Эдгээрээс эхний шатанд тэнцсэн 230 бүтээлийг зургаан товхимол номд хэвлүүлсэн бөгөөд нийт 79 илтгэлийг салбар тус бүрээр хэлэлцүүлсэн байна.
“Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурал /ЭШБХ/ нь Монгол Улсын шинжлэх ухаан, технологийн салбарын залуу эрдэмтэн, судлаачдад зориулсан судалгааны үр дүн, бүтээлээ хэлэлцүүлэх боломж олгох, дэмжлэг хүртэх, салбарын хүний нөөцийг чадавхжуулан, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх, дэлхийн хэмжээний шинжлэх ухаан, технологийн нээлт гаргах үйл явцыг дэмжсэн үндэсний арга хэмжээ юм.
Эрдэм шинжилгээний товхимолд ирүүлсэн бүтээлийн тоо, чанар болон хамрах хүрээ жилээс жилд нэмэгдэж буйг БНСУ, ОХУ, БНХАУ, Тайвань зэрэг улсын судалгааны хүрээлэн, их дээд сургуульд сурч, ажиллаж буй залуу судлаачид идэвхтэй оролцож байгаагаас харж болох юм. Иймээс ирэх жилийн “Хүрэлтогоот” эрдэм шинжилгээний бага хурлыг хилийн чанадад ажиллаж, суралцаж буй залуу судлаачдыг татан оролцуулах бүрэн боломжтой хэмээн үзэж байгаагаа зохион байгуулагчид онцоллоо.
Шилдгээр шалгарсан залуу эрдэмтэн, судлаачдын бүтээлийн танилцуулга:
Байгалийн ухааны салбар хуралдаан /2017.10.07 /
ШУА-ийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Л.Сарантуяа “Энергийн үүсгүүрт ашиглагдах шинэ материалын судалгаа”
ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Р.Одонгоо “Хүннү болон хүрлийн үеийн булшнаас олдсон эртний хүний ясанд хийсэн молекул генетикийн судалгаа”
Анагаахын ухааны салбар хуралдаан /2017.10.13/
АШУҮИС-ийн Биоанагаахын ухааны сургуулийн Молекул биологи, удамзүйн тэнхмийн багш Г.Чимэдлхамсүрэн “Олон хүчин зүйлийн шалтгаант эмгэгийн геномын харьцуулсан судалгаа: УАБӨ”
АШУҮИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн ахлах техникч Б.Буянтүшиг “Орон сууцны дотоод орчны агаарт нарийн ширхэгт тоосонцрын бохирдлыг судалсан дүнгээс”
ХАА-Биотехнологийн салбар хуралдаан /2017.10.14/
ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан О.Хонгорзул “Биотехнологийн аргаар үржүүлсэн Эгэл годил өвс (Acorus calamus L.)-ний фитохимийн харьцуулсан судалгаа”
Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Түвшинзаяа “Боомын вакцины вакцинжуулалтын үнэлгээнд рекомбинант РА уургийг ашиглах нь”
Газарзүй-Геологийн салбар хуралдаан /2017.10.20/
МУИС-ийн ШУС-ийн Газарзүйн тэнхимийн туслах багш Э.Алтанболд “Баян нуурын хотгорын үүсэл, морфологийн тайлал”
ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн Геодинамик, магматизмийн салбарын эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Д.Санчир “Ikh gazrun chuluu pluton in the North-Gobi rift: New data of geochemistry and geochronology”
Техник-технологийн салбар хуралдаан /2017.10.21/
ШУТИС-Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Ууганчимэг “Дулааны боловсруулалтанд орсон шар буурцганд полимеразийн гинжин урвалын аргаар ГМО илрүүлэх”
ШУТИС-ийн ЭХС, Чонбукийн үндэсний их сургуулийн докторант Т.Батгэрэл “Биоанагаахын хэрэглээнд зориулагдсан цахилгаан соронзон шинж чанар бүхий Роботын хөдөлгөөний удирдлагын систем”
Нийгмийн ухааны салбар хуралдаан /2017.11.04/
МУИСийн Хэрэглээний Шинжлэх ухааны сургуулийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхмийн багш Т.Эрдэнэ-Очир “Хэлний соёл судлалын үүднээс метафорыг харьцуулан судлах аргазүйн асуудалд”
Хууль сахиулахын их сургуулийн дэргэдэх Эрдэм шинжилгээ, хөгжлийн хүрээлэнгийн Цагдаа судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Б.Мөнхдорж “Хорих ялын дүйцүүлэн хасаж тооцоход математик статистикийн аргачлал ашигласан нь”