Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн биеийн байдал “сайнгүй байна”

2017-10-30 Бор шувуу

Бор шувуу

Хууль зүйн сайд Ц.Нямдоржийн биеийн байдал “сайнгүй байна”. Түүний бүх бие шархиран өвдөж, гар салганасан, өвдөг чичирсэн, толгой нь хага ташиж, даралт ихсэж, нүд бүрэлзэн, уушги зүрх нь уурсан байна. За ер нь дотор барзгар, сандрал, түгшүүр ихтэй  байна. Хууль зүйн салбарыг түүний бие гэвэл ийм л байна.  Өнгөрсөн долоо хоногт Цагдаагийн ерөнхий газрын  даргыг шинээр томилсон тэрбээр Тагнуулийн ерөнхий газрын даргаар хэнийг томилох талаараа ч  аль хэдийнэ тоочиглоод суугаа гэнэ.

ТЕГ-ын дарга асан Р.Болд, ТЕГ-ын орлогч дарга Б.Энхсүх  нарын нэгийг даргаар томилно гэсэн бор шувуу нисэх боллоо.  Б.Энхсүхийн хувьд энэ байгууллагад арваад жил ажиллаж байгаа 1979 онд төрсөн залуухан боловсон хүчин аж. Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасаг, хэлтсийн дарга хүртлээ дэвшсэн, 2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн дарга, 2016 оны наймдугаар сарын 24-нөөс ТЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байгаа юм байна.

Харин Р.Болдыг Ерөнхий сайд асан С.Баярын “хүн” гэдэг.  Энэ албыг хашвал нээх гологдохгүй гэдэг.  Тэрбээр Америкт Элчин сайдын алба хашиж байгаад Монголд дуудагдан ирж тус газрын дарга болж байсан түүхтэй. Өмнөх Засгийн газар байгуулагдахад  Авлигатай тэмцэх газрын даргын суудлын төлөө зүтгэсэн ч  С.Баярын хүн гэдэг нэрнээс болж хүссэнээ авч чадаагүй билээ.

Цаашлаад  Авлигатай тэмцэх газрын даргыг нь солино хэмээснээр  тус газрын даргын албан тушаал ч ганхаж эхэллээ. Зарим хүмүүс ч даргын суудлын төлөө бэлтгэлээ базаагаад эхэлчихсэн гэнэ.  ЦЕГ-ын дэд дарга асан А.Дулаанжаргал  өмнө нь АТГ-ын даргад яригдаж байсан ч “өвдөг шороодсон”. Тиймээс энэ удаад баттай гэх яриа ч байна.

Б.Сүрэн

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.