Цурам хийлгүй үхэлтэй тэмцсэн 34 цаг

2017-10-26 Мэдээ, мэдээлэл

Эзэнтэй пост

(Хотын иргэн Бямбаа) сошилд ийнхүү бичжээ.

34 цаг үхэлтэй тэмцэж ирсэн нөхдөө тосч авлаа. Хадан хавцал руу халин одсон нөхдийнхөө араас аваръя гээд ч хормын төдий боломж олдоогүйд нь гашуудан харамсаж өөрсдийгөө зүхэх хэдэн залуучууд, мэдээ дамжуулсан шавилхан бүсгүйг харж зовлонг нь хуваалцаж суухад яаж тэр нүд хальтрам ослыг нүдээрээ харчихаад өдий хүртэл сэтгэлээ барин явааг төсөөлөхөд ч бэрх. 8 цаг оргил өөд мацаж гараад баярлан хөөрцөглөсөн тэднийг аяллын ахлагч команд өгч буухад бэлдүүлээд эхний 2 олсны хүмүүсийг дөнгөж хөдлөхтэй зэрэгцэн Цэлмэг тэнгэрт аянга буух мэт нүргэлсэн их чимээ гарч хадан хавцал руу салан одох нөхдийнхөө араас горьдол тээн буусан сүүлийн олсныхонд аль хэдийн боломж үгүй болжээ.

Тэд 500 аад метр уруу эгц хадан хавцалтай нүүр тулж өөрсдөө ч буцаж дээшилж чадахгүй харанхуйтай золгон багажаараа цасанд бэхэлгээ хийж, өөрсдийгөө хаднаас олсоороо бэхлээд босоогоороо цурам хийлгүй үүр цайлгасан гэж сонсоод л… Бахархмаар, гайхмаар.

Тэр хооронд мөн л нэг эмэгтэйгээ алдахаа шахаж олсноосоо дүүжлэгдэн барьж явсан багажаараа цас мөснөөс гогдож хавцал руу унжсан байхад нь арай гэж татан авч амийг нь аварч. Өглөө гэгээ орох үед дагжин чичирсэн хүмүүс замын баримжаа авч багахан мөсөн дээгүүр бэхэлгээ хийж арайхийн гарахад л ард нь тас бууж нуралт үүсч байсан гэнэ. Мөлхөхдөө мөлхөж алхахдаа алхсаар доош бууж нэг нь хэл хүргэхээр доошилж, арай гайгүй нь жолооч нартай хамт ууланд унасан нөхөд рүүгээ явж нэлээд саад бэрхшээлийг даван хавцлын ёроолд очоод цааш авиралт хийгээд өөрсдийн хүч хүрэхээргүй гэдгээ мэдэрч тусламж хүлээсэн байна. Урьд өглөөнөөс хойш цурам хийлгүй үхэлтэй тэмцсэн 34 цаг өнгөрч аврагчдын нисдэг тэргээр байршлыг тодруулан анд нөхдийнхөө цогцсыг харсан тэд дайны шок гэж нэрлэгддэг сэтгэцийн гүн хямралд орсон байна. Шадар сайд нисдэг тэргэндээ суулгая гэхэд нөхдийнхөө сургийг гаргаж байж хөдөлнө гээд хүн чанар нь зулгаасан тэдэнд амьд хүн байгаа гэдэг итгэлээр дүүрэн байсан нь илт. Бусдад тэд амьд үлдсэн азтангууд мэт харагдах ч нидэр дээрээ амьдын там, сэтгэлийн зовлонд унацгаажээ. Өөрсдийгөө буруутган зүхэж тэндээ үхчихгүй яав даа гэж гаслан уйлж суугаа нь өр өвдмөөр харагдаж байлаа. Нэг олс нэг амь гэж тэдний хэлдгийг дэргэд нь хэсэгхэн байхдаа сайтар ойлгож авлаа. Тэд золгүй явдал, байгалийн гамшгийн буруутнууд биш. Тэд өөрөөсөө гадна 9 хүний алтан амь аварсан БААТРУУД, нэг олсонд нэг амьтай байснаараа байгалийн давагдашгүй хүнд нөхцөлийг даван туулж чадсан МУНДГУУД.

Одоо харин та нараасаа Нэг л юм гуйя, тэднийг одоо битгий зүхэн харааж зүсэгдсэн байгаа зүрхийг нь бүү жадлан сийчээрэй. Тэдэнд түмэн зовлон байгаа. Амьддаа бие биеэ хайрлъя найзуудаа.

Өөрийн хүсэл тэмүүлэл, сэтгэлийн дуудлагаар явж байгаад алтан амиа алдсан хүмүүсийнхээ ар гэрийхэнд гүн эмгэнэл илэрхийлье. Та бүхнийг мөнх цаст хайрхадын бурхад үргэлж ивээж яваг.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.