Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр ууланд 27 иргэн авиралт хийгээд буцах замд нь цасан нуранги үүсч, 19 иргэн ор сураггүй алга болсон байна. Тодруулбал, Уулын спортын мастер Н.Сүрэнжаваар ахлуулсан 27 иргэн авиралт хийгээд буух явцад цасан нуранги үүсч, 8 иргэн уулнаас бууж, 19 иргэн сураггүй болсон тухай дуудлага өнөөдөр /2017.10.22/ 14.30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болдоор ахлуулсан 12 алба хаагч эрлийн ажиллагааг эхлүүлээд байгаа юм.
Түүнчлэн үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар ОБЕГ-аас өнөөдөр 18.30 цагт шуурхай хэвлэлийн хурал хийлээ. Хэвлэлийн хуралд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан, ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангийн захирагч, хурандаа Д.Намсрай нар оролцож, мэдээлэл өгөв.
Одоогоор сураггүй болсон иргэдийг эрэн хайх ажиллагааг явуулахаар тус аймгийн Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн газрын шуурхай бүлэг, Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлэг Отгон сумын чиглэлд гараад байгаа аж. Мөн ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян газар дээр нь удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 2 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18.00 цагт ниссэн байна.
Түүнчлэн баруун бүсийн төв Ховд аймагт тус аймгийн Онцгой байдлын газар болон Баян-Өлгий, Увс аймгуудын Онцгой байдлын газруудаас хүч хэрэгслийг татан төвлөрүүлж, нэмэлт хүч гаргах бэлтгэл бэлэн байдлыг хангажээ.
Улаанбаатараас ОБЕГ-ын ГШУГ-ын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан Аврах тусгай ангийн Эрэн хайх, аврах бүлэг, эмнэлгийн бүлэг, Нийслэлийн Аврах ангийн эмнэлгийн бүлэг, Гэмтэл согог сэргээн заслын төв эмнэлгээс нарийн мэргэжлийн 2 эмч, 2 сувилагчийн бүрэлдэхүүнтэй баг МИ-171 нисдэг тэргээр Завхан аймгийн Отгон сумын чиглэлд 18.00 цагт ниссэн байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87370
30430
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.