УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан, тус байнгын хорооны гишүүн М.Оюунчимэг, Б.Саранчимэг, Д.Гантулга нар өнөөдөр/2017.02.17/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. УИХ-ын намрын чуулганы хугацаанд тус байнгын хороо 13 удаа хуралдаж, 11 хууль, нэг тогтоолын төслийг УИХ-аар батлуулсан байна.
Засгийн газрын 2016 оны аравдугаар сарын 05-ны 111 дүгээр тогтоолоор “Оюутны хөгжлийн зээл”-ийг шинээр бий болгосон. Оюутны хөгжлийн зээл нь урт, богино хугацаатай байх бөгөөд арилжааны банк оюутанд таван хувийн сургалтын төлбөрийн зээл олгоно. УИХ-аас энэ оны төсөвт нийт 103 тэрбум төгрөг суулгажээ. Статистик мэдээллээр баклаврын өдрийн ангид 125.230 оюутан суралцдаг. Урт хугацааны зээлд 10.269 оюутан, богино хугацааны зээлд 79.020 оюутан тус тус хамрагдах боломжтой гэнэ. Өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад давхардсан тоогоор нийт 2000 гаруй оюутан зээл авах хүсэлт ирүүлж, 100 гаруй оюутанд зээл олгожээ. Харин боловсролын зээлийн сан нийт 72 их, дээд сургууль, зургаан арилжааны банктай гэрээ байгуулан ажиллаж байна.
Ахмадуудад насны хишиг олгоно
Эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч насжилтад бэлтгэх, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, амьжиргаанд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор сар шинэ, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан 65 ба түүнээс дээш насны ахмад настанд насны хишиг олгох хууль батлагдсан.
Насны хишгийг 50.0 мянгаас 250.0 мянган төгрөг хүртэл олгоно. Тодруулбал, 65-69 настай ахмад настанд 50 мянга, 70-79 настай ахмад настанд 80 мянга, 80-89 настай ахмад настанд 150 мянга, 90, түүнээс дээш настай ахмад настанд 250 мянган төгрөгийг олгоно.
Алдар цолтой ахмад настанд нэмэгдэл олгоно
УИХ-аас Алдар цолтон ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгох тухай хуулийг баталснаар Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон, төрийн шагналт, төрийн соёрхолт, ахмад дайчин, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, 1990-1992 онд Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлт олгоно.
Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж, баталсан /1990-1992 он/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага Хурлын гишүүн ахмад настанд төрөөс нэмэгдэл, хөнгөлөлтийг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс олгож эхэлнэ.
Монгол Улсын хөдөлмөрийн баатар, ардын болон гавьяат цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдлийн тухай хуулиар нийт 4800 орчим алдар цолтой ахмад хамрагдаж, нийт 5.1 тэрбум зарцуулж байсан.
Шинэ хууль батлагдсанаар Монгол Улсын Үндсэн хууль батлалцсан АИХ-ын депутат, Улсын Бага Хурлын гишүүн нийт 238 хүн нэмэгдэж, 428,4 сая төгрөг нэмж шаардагдаж байгаа ажээ.
Малчнаар ажилласан нэг жилийг 1.6 жилээр тооцно
Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталснаар эхчүүдийн хүүхдээ 3 нас хүртэл асрах хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт хугацаан дээр хүүхэд бүрийн тоогоор 1 жил сарыг нэмж тооцохоор болсон.
Түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил нь малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, 12 жил 6 сараас доошгүй жил малчнаар ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүснэ.
Малчнаар ажилласан нэг жилийг 1 жил 6 сараар нийгмийн даатгалын шимтгэл төлж ажилласанд тооцдог болов.
Хүүхдээ асарч буй эхчүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг тасралтгүй төлөхөд 91.7 мянган эмэгтэй хамрагдана. Нэг хүнд ногдох зардлын тоо 288 мянган төгрөг бөгөөд улсын төсвөөс 20822.4 сая төгрөг зарцуулна.
Эхчүүдийн шимтгэл төлсөн хугацаан дээр төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор 1.5 жил нэмж тооцоход, 5.8 мянган эмэгтэй хамрагдаж, нэг хүнд оногдох зардал 300.0 мянган төгрөг, нийт 939.6 сая төг зарцуулна.
Малчдын тэтгэвэрт гарах насыг наашлуулснаар 4.5 мянган малчин хамрагдаж, нэг хүнд ногдох зардал нь 300.0 мянган төгрөг, нийт 16200.0 сая төгрөг зарцуулна.
Малчнаар ажиллаж шимтгэл төлсөн нэг жилийг 1.5 жилээр тооцсоноор 7.7 мянган малчин хамрагдаж, нэг малчинд дунджаар 132.0 төгрөг. Хууль батлагдсанаар нийт 37962.0 сая төгрөг зарцуулна.
НДШ-ээ нөхөн төлөх боломжтой боллоо
Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль батлагдсанаар шимтгэлээ тухайн хугацаанд нь төлж чадаагүй малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг 1 удаа нөхөн төлүүлэхээр боллоо.
Малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд шимтгэлээ тасралтгүй төлж, нийгмийн даатгалын сангийн орлогыг нэмэгдүүлэх, тэтгэврийн нөөц сангийн хөрөнгийг арвижуулах, тэдний нийгмийн даатгалд хамрагдах сонирхол, даатгалын үр шимийг хүртэх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.
Тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлөхөд 17-59 насныхан хамрагдана. Тэтгэврийн даатгалын шимтгэлээ бүрэн нөхөн төлсөн тохиолдолд нийтдээ 566.4 тэрбум төгрөг, 30-аас дээш насныхан бүрэн хамрагдсан тохиолдолд 288.2 тэрбум, 35-аас дээш насныхан бүрэн хамрагдвал 169.0 тэрбум төгрөг тэтгэврийн даатгалын санд төвлөрнө.
Тэтгэмжийг хоёр хүний цалингийн дунджаар тооцон олгоно
Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулиудыг УИХ-аар батлуулсан байна.
Цэргийн алба хаагчийн гэр бүлээс хоёр тэжээгч нь нас барсан тохиолдолд тэжээгчээ алдсан тэтгэврийг хоёр хүний цалингийн дунджаар тооцож олгох болон цэргийн алба хаагчийн иргэний байгууллагад шимтгэл төлж, ажилласан нэг жилийг 6 сар цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцдог болжээ.
2010 оноос хойш Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудал яригдсан бөгөөд Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар иргэний байгууллагад нэг жил ажилласныг цэргийн байгууллагад 6 сар ажилласнаар тооцуулах 60 хүн байна.
Хууль батлагдсанаар нийт 260.2 сая төгрөг шаардагдана. /2017 оны төсөвт суулгасан/
Цэргийн алба хаагч өөрөө хүсвэл иргэний байгууллагад ажилласан жилээ цэргийн байгууллагад ажилласан хугацаанд оруулан тооцуулж, тэтгэврээ нэмэгдүүлэх боломж бүрдлээ.
Хүүхдийн мөнгийг 660 мянган хүүхэд авч байна
Хүний хөгжил сангийн тухай хууль 2016 оны хоёрдугаар сард хүчингүй болсонтой холбогдуулж Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, хүүхдийн мөнгөний асуудлыг шийдвэрлэжээ. Ингэснээр 0-18 хүртэлх насны 660 мянган хүүхэд сар бүр 20 мянган төгрөгийг бэлнээр авч байна.
Өрхийн мэдээллийн нэгдсэн сангийн мэдээллээр 2017 онд нийт хүүхдийн 60 хувьд буюу 502.567 оноогоор босго оноо болгож, зорилтод бүлгийн 660.000 хүүхдэд 161.5 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөнд олгохоор улсын төсөвт тусгасан. Дээр дурдсан 660.000 хүүхдээс бусад буюу 400.000 орчим хүүхдийн мөнгийг 2019 оноос эхлэн нөхөж олгох юм.
Хүүхэд харах үйлчилгээнд 7 тэрбумыг суулгажээ
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль өнгөрсөн оноос эхлэн хэрэгжиж байгаа.
2017 оны улсын төсөвт хүүхэд харах үйлчилгээнд зориулж, 7.0 тэрбум төгрөгийг суулгажээ.
Хүүхэд харах үйлчилгээ хэрэгжсэнээр сургуулийн өмнөх боловсролд хамрагдаж чадахгүй байгаа 45792 хүүхдийн 20 хувь нь эрүүл аюулгүй, хамгаалагдсан орчинд өсч торних, хөгжих, хүмүүжих боломж бүрдэж, 3000 гаруй иргэн ажлын байртай болсон байна.
Хүүхэд харах хүнгүйн улмаас хөдөлмөр эрхэлж чадахгүй байгаа эцэг, эх, асран хамгаалагч ажил хийж, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болсон.
Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулиар хувилбарт сургалтын хэлбэрийг хөгжүүлж, явуулын, нүүдлийн, гэр, салбар бүлэг гэсэн шинэ ажлуудыг зохион байгуулж байна. Үүнд нийт 15.4 тэрбум төгрөгийг зарцуулахаар улсын төсөвт тусгав. Мөн 2017 оны улсын төсөвт 43 цэцэрлэг, сургууль шинээр баригдахаар байгаа аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.