НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун сэтгүүлчээс 20 сая төгрөг нэхэмжлэв

2017-09-11 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун сэтгүүлчээс 20 сая төгрөг нэхэмжлэн цагдаад хандлаа. zarig.mn сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэг 2017 оны долдугаар сарын 26-ны өдөр хүүхдүүд хоолонд хордож хүндээр өвчлөөд байгаа мэдээллийг бэлтгэхээр тус газарт очсон ч даргын өрөө эзгүй, лацтай байжээ.

Тиймээс НМХГ-т хандаж хүнсний чанарт хэрхэн анхаарч хяналт тавьж байгааг тодруулахад дарга нарынх нь өрөө лацтай цоожтой, НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун нь гурван хэлтсийн даргатайгаа амраад алга болсон гэж мэдээлсэн. Тус сайтын хувьд видео мэдээллийг газар дээрээс нь шууд дамжуулдаг.

Гэтэл тус газрын дарга Л.Эрдэнэчулуун БЗД-ийн цагдаагийн хэлтэст тухайн мэдээллийг бэлтгэсэн сэтгүүлчээс “нэр төрд халдсан” хэмээн 20 сая төгрөг нэхэмжилж гомдол гаргасан байна. БЗД-ийн цагдаагийн хэлтэс эрхэм даргын гомдлын дагуу шалгасан ч “тухайн үед амралтаа авсан нь үнэн, сэтгүүлч НМХГ-ын дарга нарын нэр төрд халдсан үйлдэл тогтоогдоогүй” учраас хэргийг хаасан аж.

Гэтэл Л.Эрдэнэчулуун дарга Баянзүрх дүүргийн прокурорт гомдол гаргаж, гомдлыг одоо Чингэлтэй дүүргийн цагдаагийн 1-р хэлтэс шалгаж байгаа нь аж.

Тухайн өдөр НМХГ-ын хэвлэлийн төлөөлөгч Д “Манай дарга нар амраагүй, дээд давхарт хуралдаж байгаа” гэж сэтгүүлчид худлаа мэдээлэл өгсөн байдаг. Сэтгүүлч хуралдаж байгаа дарга нарын зургийг дарж баталгаажуулахад газрын дарга Л.Эрдэнэчулуун хэлтсийнхээ гурван даргатай тухайн хуралд байгаагүй юм.

Тэгэхээр энэ мэт сэтгүүлчийг чулуу хөөлгөж, ард түмэнд худал мэдээлэл өгч, хууль, хяналтын байгууллагын нэрийг барьж, айлган сүрдүүлж байгаа төрийн албаныхан өөрсдөө хариуцлага хүлээх ёстой гэдгийг хэлэх нь зүйн хэрэг биз ээ.

ЭХ СУРВАЛЖ:zarig.mn

Өнөөдрийн онч үг

13 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.