УИХ-ын ээлжит бус чуулганыг өнөөдөр /2017.09.06/ 10.00 цагт эхлүүлэхээр товложээ. Засгийн газрыг огцруулахаар МАН-ын 30 гишүүн гарын үсэг зурж, УИХ-д өргөн бариад байсан юм.
Хэдийгээр Засгийн газрыг огцруулах асуудлыг өргөн барьсан гишүүдтэй намын удирдлагуудын зүгээс ил, далд тохиролцохыг санал болгосон ч МАН-ын бүлэг нэгдмэл байр суурьтай болж чадахгүй байсаар асуудлыг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр болов. Тиймээс өнөөдрийн чуулганы хуралдаанаар Засгийн газар огцорч магадгүй нь гэсэн таамаг олон нийтийн сүлжээнд өрнөж эхлэв. Тэр ч бүү хэл Ерөнхий сайдыг огцрох өргөдлөө өөрийн гараар өгсөн гэх мэдээлэл олон нийтийн дунд өрнөсөн юм. Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас тодруулахад, ташаа болохыг онцоллоо.
Мөн өчигдрийн байдлаар намын бүлгийн байр суурийг УИХ-ын гишүүн Х.Нямбаатараас тодруулахад “Гарын үсгээсээ буцсан зүйл энэ 31 хүний хувьд байхгүй. Миний ойлгож байгаагаар өнөөдөр хоёр хүн нэмж гарын үсэг зурж байгаа гэсэн. Зурсныхаа дараа өөрсдөө мэдээлэл хийх байх. 33 гишүүний гарын үсэг бүлэг дээр олонх болно гэж би бодож байна” хэмээсэн юм.
Ямартай ч тус асуудлаар УИХ-ын дэгийн дагуу өргөн барьснаас хойш долоо хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэх ёстой байдаг. Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж тус байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзсэн. Мөн УИХ-ын дэгийн дагуу байнгын хорооны шийдвэрийг долоо хоногийн дотор УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх ёстой. Тиймээс УИХ-ын чуулган ийнхүү өнөөдөр хуралдаж, Засгийн газар огцрох эсэх асуудлыг хэлэлцэх юм.
С.Гэрэлчулуун
10 цагийн өмнө
11 цагийн өмнө
12 цагийн өмнө
14 цагийн өмнө
14 цагийн өмнө
Өчигдөр
87365
30403
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.