Иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх хууль санаачилна

2017-07-3 Парламент

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2016 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг бүлгийн хуралдааны эхэнд хэлэлцсэн байна. Ингээд МАН өнгөрсөн нэг жилийн хугацааны эдийн засгийг иргэддээ тоон үзүүлэлтээр танилцуулах ёстой гэсэн байр суурьт хүрчээ. Учир нь Монгол Улсын нийт өр 2016 оны зургадугаар сард  22.5 тэрбум ам.доллар байсан бол 2017 оны тавдугаар сард 24.9 тэрбум ам.доллар болж, өрийн хэмжээ 2.4 тэрбум ам.доллараар өссөн. Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2016 оны зургадугаар сарын байдлаар 175 сая ам.доллар байсан бол 2017 оны тавдугаар сард -30.8 сая ам.доллар болж буурчээ. Инфлянци өнгөрсөн оны зургадугаар сард 1.6 хувьтай байсан бол энэ оны тавдугаар сард 3.6 хувьтай гарсан. 2016 оны өдий үед ам.доллар 1964 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр ам.доллар 2417 төгрөг болж, 20.3 хувийн өсөлт үзүүлсний зэрэгцээ чанаргүй зээлийн хэмжээ өнгөрсөн оны мөн үед нэг  их наяд 36 тэрбум төгрөг байсан бол одоо нэг их наяд 158 тэрбум төгрөг болсон буюу 6.5 хувиар өссөн хэмээн бүлгийн дарга Д.Эрдэнэбат онцоллоо. Мөн  Багшийн хөгжлийн тухай хуулийн төслийг хэлэлцээд сонгууль дөхсөн үед улстөржүүлсэн байдлаар УИХ-д оруулж ирсэн байна хэмээн үзжээ. Хуулийн төслийг АН-ын бүлэгт танилцуулаагүй, УИХ-ын даргын зөвлөлөөр хэлэлцүүлээгүй шууд чуулган руу оруулж ирсний дээр багшийн хөгжилтэй холбоотой зарим заалтыг хассан байна хэмээн үзсэн байна.

Нэг сонгууль явуулахад 20 тэрбум төгрөг зарлагаддаг буюу 20 цэцэрлэг барих хэмжээний мөнгө зарцуулдаг. Иймд цагаан сонгууль явуулья хэмээн уриалж байгааг АН-ын бүлэг хэлэлцээд хууль бус үйлдэлд уриалж байгаа явдал хэмээн мэдэгдэв.

Дараагийн нэг асуудал бол иргэдээ зээлийн дарамтаас чөлөөлөх тухай АН-ын шийдвэрийг авч хэлэлцээд бүлэг дэмжиж, улмаар УИХ-д хууль санаачлан оруулахаар тогтжээ.  Ингэхдээ ашигтай ажиллаж буй компаниудын ноогдол ашгийг иргэддээ хуваарилах замаар өрийн дарамтаас олон нийтийг зээлээс нь чөлөөлөх бололцоотой гэж тэд ярив. Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Манай нам 1990 онд мал хувьчлал явуулах анхны санаачилга гаргаж байсан Үүнээс хойш орон сууц хувьчлал, 40 мянган айлын орон сууц, хүүхдийн мөнгийг нийт хүүхдэд олгох зэрэг 5 удаагийн санаачилга дэвшүүлж, бүгд амжилттай хэрэгжсэн. Энэхүү санаачилга нь 6 дахь удаагийнх нь. Манай улс уул уурхайн асар их баялагтайн хувьд уг санаачилга хэрэгжих боломжтой. Гэхдээ малчны, оюутны, цалингийн, тэтгэврийн зээлтэй иргэдээ бид өрийн дарамтнаас гаргана” гэсэн юм.

УИХ дахь АН-ын бүлэг,  хэлэлцсэн асуудлын талаар  өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Гаргасан шийдвэрийн талаар Бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв. 
С.Гэрэлсүх

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.