Трамп “Time”-ийн нүүрийг хуурамчаар хийжээ

2017-06-29 Ертөнц

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хэвлэлүүдийг өөрийнх нь тухай хуурамч мэдээ мэдээлэл их цацдаг хэмээн байнга шүүмжилдэг. Тэгвэл тэр өөрөө алдарт “Time” сэтгүүлийн нүүрийг хуурамчаар хийсэн нь илэрч, ичгэвтэр байдалд ороод байна. Дональд Трампын эзэмшдэг долоон гольфийн клубийн хананд түүний  “Time” сэтгүүлийн нүүрэнд гарсан зургуудыг жаазлан тавьсан байдаг аж. Гэвч үнэн хэрэгтээ тэдгээр жаазанд хийсэн сэтгүүлийн нүүр хуурамч бөгөөд Трампын зурагтай хэвлэгдсэн “Time” сэтгүүл тийм ч олон байдаггүй аж. Тухайлбал, нэг жаазтай зурганд 2009 оны гуравдугаар сарын 1-ний дугаар хэмээн бичсэн байжээ. Гэвч тэр өдөр “Time “сэтгүүл огт хэвлэгдээгүй бөгөөд гуравдугаар сарын 2-нд жүжигчин Кейт Уинслетийн зурагтайгаар гарч байжээ. Энэ мэтчилэн Трампын зурагтайгаар хэвлэсэн сэтгүүлийн нүүрний дийлэнх нь хуурамч болох нь сэтгүүлийн танил дүр төрх болсон улаан хүрээ, гарчиг дэглэлт зэргээс илэрхий харагдаж буй аж.  Түүгээр ч зогсохгүй сэтгүүлийн зүгээс Трампын гольфийн клубт байгаа зургууд хуурамч гэдгийг баталжээ. Харин Цагаан ордны тэргүүн үүнд тодорхой хариулт тайлбар өгөөгүй л байна.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.