Хар тамхины наймаачдыг олны нүдэн дээр шүүж, цаазын ял оноов

2017-06-29 Ертөнц

Хятадын Гуандон мужийн Шанвей хотод хар тамхи үйлдвэрлэн, зарж борлуулсан хэргээр 18 хүнийг шүүх хурал 10 мянган хүний өмнө нээлттэй болжээ. Энэ сарын 24-нд болсон эл шүүх хурлаас 13 хүнд цаазаар авах ял оноож, тэр даруйд ялыг гүйцэтгэсэн байна. Гэхдээ цаазаар авах ялыг олны нүднээс далд гүйцэтгэсэн бөгөөд үзэгчид зөвхөн хэрэгтнүүдийг машинд ачиж явахыг харжээ.

Хятадын хууль хяналтын байгууллагынхан хар тамхины хэрэгт хайр найргүй хатуу ханддаг гэдгээ олон нийтэд харуулж, болзошгүй гэмт хэргээс сэрэмжлүүлэх үүднээс энэ удаагийн шүүх хурлыг нээлттэй хийжээ. Өмнө нь 2015 онд мөн хар тамхины хэрэгт холбогдсон 38 хүнийг шүүх хурлыг нээлттэй явуулж байсан юм.

Гуандон муж бол Хятадын хэмжээнд метамфетамин үйлдвэрлэлээр толгой цохьдог газар. Хятад даяар хэрэглэж буй энэ төрлийн мансууруулах бодисын 30 гаруй хувийг зөвхөн Гуандон мужийн Луфен хэмээх жижиг тосгонд хийдэг аж.

Б.Номун

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.