Ватиканы Сангийн сайд бэлгийн хүчирхийллийн хэргээр шүүхэд дуудагдав

2017-06-29 Ертөнц

Ватиканы Сангийн сайд, Австралийн католик сүмийн хамгийн дээд цолтой санваартан болох Кардинал Жорж Пелл бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр шүүхэд дуудагдаад байна. Виктория мужийн цагдаагийн газраас кардиналын нэр холбогдсон хэргийг шалгаж үзээд шүүхэд шилжүүлжээ. Түүний эсрэг бэлгийн хүчирхийлэл, дарамт үзүүлсэн хэргээр ганц биш хохирогч цагдаад гомдол гаргасан аж.

Жорж Пелл бол Австралийн католик шашны хамгийн том мяндагтан төдийгүй дэлхийн католик сүм хийдийн хувьд дээрээсээ гуравт бичигддэг, Ватиканы санхүү мөнгөний бүх хэргийг шийддэг нэгэн. Тиймээс түүний нэр холбогдсон хэрэг католик шашинтнуудын анхаарлыг маш их татаж байна. Харин Жорж Пеллийн хэвлэлийн төлөөлөгч түүнийг гэм буруугүй гэж мэдэгдэж, эрүүл мэндийн хувьд тохиромжтой гэж эмч зөвлөсөн цагт Австралид очиж нэр төрөө цэвэрлэнэ гэжээ.

Католик шашны сүм хийдийн санваартнууд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн, бусдад бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт холбогдох нь их байдаг ч Жорж Пелл шиг шашны тэргүүн болсон өндөр хэргэмтэй лам шүүхэд дуудагдаж байгаагүй юм. Түүнийг шүүх хурал ирэх сарын 18-нд болох аж.

Б.Номун

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.