Төв аймаг хатуу хучилттай авто замаар бүрэн холбогдлоо

2017-06-28 Мэдээ, мэдээлэл

Төв аймгийн Зуунмод сумын Баруун зуунмод багийн 3,5 км авто зам, Баянхошуу багийн 2,5 км нийт 6 км хатуу хучилттай авто зам баригдаж хөдөлгөөний хэсгээ өнөөдөр нээлээ.

Тус замын ажил 2011 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан боловч хөрөнгө нь шийдэгдэлгүй ажил нь зогссон байсан юм. Дутуу орхигдоод удсаны улмаас эвдэрч өмнө хийсэн ажил нь үр дүнгүй болсон, тээврийн хэрэгслийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байсан зэрэг шалтгаанаар тус хэсгийн замыг өргөтгөн шинэчлэх зайлшгүй шаардлага үүсээд байжээ. Нийт 4,8 тэрбумын өртгөөр хийгдсэн тус замын гүйцэтгэгчээр “Төв Азза” ТӨХК болон туслан гүйцэтгэгчээр “Ялгуусан” ХХК ажилласан байна.

Дутуу орхигдоод байсан дээрх чиглэлийн 6 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орсноор Баруун зуунмод, Баянхошуу багийн иргэдийн ая тухтай зорчих орчин нөхцөл бүрдэж, машины эвдрэл, шатахууны зарцуулалт, цаг хугацаа хэмнэлт гээд тус бүс нутгийн зорчигчдод ихээхэн ач холбогдлоо өгөх зам болж буй талаар нутгийн иргэд талархалтай байв.

Дашрамд дуулгахад “Ялгуусан” ХХК-ний ажилчид өнгөрсөн долоо хоногт замын ажил хийж байх үедээ гал түймрийн аюулд өртсөн айлаас хүний амь аварчээ. Нээлтийн үеэр Онцгой байдлын газраас тус компаний нэр бүхий ажилчдад өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнасан юм.

М.Цагаан

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.