Судлаачдын тооцсоноор хүн төрөлхтөний гуравны нэг хувь нь Сүүн замыг харж чаддаггүй гэнэ. Америкчуудын 80 хувь, европчуудын 60 хувь хотын хэт их гэрэлтүүлгийн улмаас Сүүн замыг харж чаддаггүй аж. Үүнийг олон улсын эрдэмтдийн багийнхан гэрлийн бохирдол гэж нэрийдээд, манай дэлхийд хэрхэн нэвчиж байгааг харуулсан хиймэл тэнгэрийн гэрэлтүүлгийн атласыг бүтээжээ.
Дэлхийн хүн амын 83 хувь, Америк, Европын оршин суугчдын 99-өөс илүү хувь нь гэрлийн бохирдолтой нөхцөлд буюу хэт их гэрэлд амьдардаг аж. Шөнийн тэнгэрийн сайхныг харж чадахгүй байх аюул ирээдүй хойчид маань тулгараад байна гэж шинжлэх ухаанч Пабло Фалчи хэллээ. Судалгаагаар гэрлийн хамгийн их бохирдолтой улсаар Сингапурыг нэрлэгдсэн бөгөөд тус улсад шөнө нь өдөр шиг нүд гялбам байдаг. Тиймээс тус улсад амьдарч буй хүмүүс шөнийн харанхуйг мэдрэх боломжгүй гэсэн үг юм. Доорх улс орнуудын хүн амын талаас илүү хувь нь хэт их хиймэл гэрэлтүүлэгт амьдарч байгааг судалгаагаар гаргажээ.
Кувейт- 98%
Катар- 97%
Арабын Нэгдсэн Эмират-93%
Саудын Араб-83%
Өмнөд Солонгос-66%
Израил-61%
Аргентин-58%
Ливи-53%
Тринадад Тобаго-50%
Гэрлийн бохирдол хамгийн бага буюу гэрэлтүүлэг багатай орнуудаар Чад, Төв Африкийн Бүгд Найрамдах улс, Мадагскар тодорчээ. Эдгээр орнуудад амьдарч байгаа хүн амын дөрөвний гурав хувь нь шөнийн харанхуй, цэлмэг тэнгэрийг мэдрэн, амьдардаг аж.
Хэт гэрэлтүүлэг нь хүн төрөлхтөний соёлд нөлөөлөхөөс гадна дэлхийн экологи, олон нийтийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Жишээлбэл, хуурмаг гэрэл хүний сэтгэлзүй, зан араншинд шууд нөлөөлдөг. 2007 оны судалгаагаар зохиомол гэрэлтүүлэг хүний биологийн хэмнэлийг өөрчилж, дааварт нөлөөлдөгийг тогтоосон. Хотуудын хэт гэрэлтүүлэг байгаль экологид ч сөргөөр нөлөөлж далайн эргийн бяцхан яст мэлхийнүүдийг үхэлд хүргэж байгааг мэргэжилтнүүд анхааруулжээ.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30413
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.