АН-аас сонгогдсон Байнгын хорооны дарга нарыг чөлөөлөх журамтай

2025-06-3 Мэдээ мэдээлэл

 

УИХ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхгүй гэж шийдвэрлэснээр хамтарсан Засгийн газар огцорлоо. Засагт хамтарсан намууд парламентын түвшинд ч хамтран ажиллаж, Байнгын хорооны даргын албан тушаалд УИХ-д авсан суудлаараа хувь тэнцүүлэн нэр дэвшүүлдэг. Үүний дагуу УИХ-ын 11 Байнгын хорооны зургааг нь МАН, гурвыг нь АН, хоёрыг нь ХҮН намаас сонгогдсон гишүүд удирдаж байгаа.

Хамтарсан Засгийн газраас нэг нам нь гарч бүрэлдэхүүнд нь өөрчлөлт орсноор УИХ-ын түвшинд ч хамтралаа цуцалдаг. 2008-2012 оны УИХ-ын үед АН засгаас гарахад, 2012-2016 онд МАН засгаас гарахад тус намуудаас нэр дэвшүүлэн сонгосон Байнгын хорооны дарга нарыг чөлөөлж байлаа.

МАН-ын Бага хурлаас АН-ыг хамтарсан Засгийн газраас гаргах шийдвэр гаргасан. Мөн АН ямар ч тохиолдолд Засгийн газарт хамтран ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр дараагийн Засгийн газрын бүрэлдэхүүнд АН орохгүй гэсэн үг. Энэ тохиолдолд тус намаас нэр дэвшүүлэн сонгосон гурван Байнгын хорооны даргыг албан тушаалаас нь чөлөөлж таарна. Тэд бол Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга С.Ганбаатар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн байнгын хорооны дарга Б.Бейсен, Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж нар юм.

Өнөөдрийн онч үг

2 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.