П.Наранбаяр: Цахим халдлагад өртсөн хүүхдүүдийн 60 хувь нь эцэг, эхдээ хэлээгүй гэж хариулсан байдаг

2025-04-16 Боловсрол


УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн (2025.04.16) хуралдаанаар Цахим орчин дахь өсвөр үеийнхний үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалт, сэтгэл санааны хүчирхийлэл, түүний хор уршгийн талаар мэдээлэл сонслоо.

Боловсролын сайд П.Наранбаяр “Хүүхэд хамгааллын тухай хуулийн 25 дугаар зүйлээр хэвлэл мэдээлэл, өргөн нэвтрүүлэг, цахим орчин дахь хүүхэд хамгаалалтай холбоотой харилцааг зохицуулж байгаа боловч цахим орчинд хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалах, цахим орчин дахь бэлгийн хүчирхийлэл, зүй бус зар сурталчилгаа, хуурамч мэдээ, мэдээллээс хамгаалах, сөрөг агуулгатай контентын хандалтыг хязгаарлах, арилгах талаарх эрх зүйн харилцааг цогцоор нь тусгайлан зохицуулаагүй байна.

Түүнчлэн тодорхой насны хязгаарлалттайгаар нийгмийн сүлжээний платформуудыг ашиглах талаар хуульд зохицуулалт тусгагдаагүй.

Цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын талаар үндэсний суурь судалгааг 2020 онд хийсэн бөгөөд 7-12 настай хүүхдүүдийн 50 хувь, 13-18 настнуудын 77 хувь нь фэйсбүүк хэрэглэдэг. Тэдний 87 хувь нь тодорхой төрлийн цахим халдлагад өртсөн байдаг. Үүний 60 хувь нь эцэг, эхдээ хэлээгүй гэж хариулсан байна. Цахим орчин дахь хүүхдийн эсрэг гэмт хэргийн шалтгаан, нөхцөл, урьдчилан сэргийлэх арга замын талаарх 2021 оны судалгаагаар өсвөр үеийнхний 92 хувь нь интернет хэрэглэдэг бөгөөд хамгийн эрсдэлт орчноор интернэт хэмээн тодорхойлсон байна. Мөн судалгаанд оролцсон хүүхдүүдийн 14.6 хувь нь цахим орчинд хүчирхийлсэн, басамжилсан, садар самуун агуулгатай үйлдэл хийхийг шаардсан халдлагад өртөж байсан” гэдгийг тодрууллаа.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.