Иргэдийн хэрэгцээнд 15.8 мянган тонн мах нийлүүлжээ

2017-06-23 Мэдээ, мэдээлэл

Зураг

Хөгжлийн банк, арилжааны банкнаас 12 үйлдвэр, аж ахуйн нэгжид олгосон нийт 63.4 тэрбум төгрөгийн зээлийн хүүд хөнгөлөлт үзүүлж, 15.8 мянган тонн махыг хаврын улиралд иргэдийн хэрэгцээнд нийлүүлсэн хэмээн мэдэгдлээ.
“Мах, сүүний анхдугаар аян”-ын хүрээнд өвөлжилт хүндэрсэн орон нутгаас мал, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх арга хэмжээг үйлдвэр, зориулалтын зоорь бүхий аж ахуйн нэгжтэй хамтран зохион байгуулжээ.

Дээрх аяны хүрээнд бэлтгэсэн махыг өнгөрсөн дөрөвдүгээр сард зах зээл дэх үнээс үхрийн махны үнийг 2195 төгрөг буюу 38.2 хувиар, хонины махны үнийг 1440 төгрөг буюу 26.7 хувиар, ямааны махны үнийг 425 төгрөгийн хямд үнээр борлуулжээ.

Махны худалдааг Улаанбаатар хотын 6 дүүрэгт 118 дэлгүүрээр, Дархан-Уул аймагт 118 дэлгүүрээр, Эрдэнэт хотод 6 дэлгүүрээр иргэдийн хэрэгцээнд нийлүүлсэн байна.

Аяны хүрээнд махны өргөтгөсөн худалдааг нийслэлийн Хархорин, Орхон, Жуков, Тэнгэр, Нарантуул, Дүнжингарав, Шар хадны эцэс, Хангай хотхон, 32-ын тойрог, Хороолол зах, Яармагийн эцэс, Баянхошуу, Цамбагарав, Содон хороолол, Шөнийн зах, Хүчит шонхор, Нарантуул-2, Хан-Уул үйлчилгээний төв, Драгон, Энхжин, Саппоро, Миний дэлгүүрт  зохион байгуулсан.

Өргөтгөсөн худалдаагаар нэг кг үхрийн махыг 5200 төгрөгөөр, хонины махыг 4100 төгрөгөөр, ямааны махыг 3800 төгрөгөөр тус тус борлуулсан. Ингэснээр өнөөдрийн байдлаар махны худалдааны гол төв болох “Хүчит шонхор зах” дээр бөөний үнэ хонины гулууз мах 1 кг нь 4100-4200 төгрөг, үхрийн өрөөл мах 1 кг нь 5200-5400 төгрөг, ямааны гулууз мах 1 кг нь 3800 төгрөг болж махны үнийг тогтворжууллаа хэмээн салбарын яамнаас мэдээллээ.

Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотын хүн амын хаврын улирлын хэрэгцээнд тогтоосон үнээр буюу зах зээл дэх махны үнээс 10-30 хувь хямд үнээр хэрэглэгчдэд нийлүүлж эхэлснээр махны үнийг тогтворжуулж, хаврын улиралд махны хомсдол үүсэхгүй байх нөхцлийг бүрдүүлжээ. Нийт бэлтгэсэн махны 80 шахам хувь буюу 12.3 мянган тонн махыг борлуулаад байгаа аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.