П.Наранбаяр: Олон нийтийн сүлжээнд 16 хуртэлх насны хүүхэд орохыг хязгаарлах хуулийн заалт оруулна

2025-02-14 Боловсрол


Нийгмийн цахим сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах судалгааг эхлүүлсэн талаар Боловсролын сайд П.Наранбаяр мэдээлэл хийлээ. 

Тэрбээр “2024 оны арваннэгдугээр сарын 29-нд Австрали улс цахим орчинд, ялангуяа Facebook, Twitter, Snapchat, Tiktok зэрэг олон нийтийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхэд орохыг хориглох заалттай хууль баталсан нь дэлхий нийтийн анхаарал татсан. Энэхүү хуулийг судлах, үр нөлөөг нь нягтлахын зэрэгцээ Монгол Улсад дээр дурдсан олон нийтийн сүлжээнд 16 хуртэлх насны хүүхэд орохыг хязгаарлах хуулийн заалт оруулж ирэхээр дээрх ажлын хэсэг судалгаагаа эхлүүллээ.

Суурь шинжтэй өөрчлөлт хийхийн тулд судалгаа маш их шаардана. Нийгмийн хэмжээнд ярилцаж, хэлэлцэн зөвшилцөлд хүрэх нь зүйтэй. Эрх ашиг нь хөндөгдөж байгаа нийгмийн бүх бүлэгтэй бид ярилцана. Доороос нь дээш нь хэлэлцэх аргаар явна. Үр дүнд д хүрэх ёстой. Бэлтгэлээ хангахаар Боловсролын Яам ажиллаж эхэлсэн. 2020 онд цахим орчин дахь хүүхдийн аюулгүй байдлын үндэсний суурь судалгааг хийж байсан. Ийнхүү хүүхдүүд цахим орчинд халдлагад өртөж байгаа эсэхийг эцэг, эхчүүдээс асуухад 91 хувь нь үгүй гэх хариулт өгсөн.

Гэтэл хүүхдүүдийн 87 хувь нь ямар нэг хэлбэрийн цахим халдлагад өртсөн гэж хариулсан байдаг. Дэлхийн ихэнх орон энэ алхмыг хийсэн. Тухайлбал, Франц усад 15-аас доош насныханд нийгмийн сүлжээнд нэвтрэхэд эцэг эхийн зөвшөөрөл шаарддаг. Мөн Норвеги улс 13 нас хүртэл нийгмийн сүлжээнд орохыг хориглодог байснаа 15 болгохоор ярилцаж байгаа. Германд 13-16 насны хүүхэд нийгмийн сүлжээнд ороход эцэг эхийн зөвшөөрөл заавал авдаг. Америк, Их Британи, Канад улсад 13 хүртэлх настай хүүхдээс мэдээлэл цуглуулахдаа эцэг, эхийн зөвшөөрөл авдаг. Багш, эцэг, эх хүүхдүүд цөм нийгмийн сүлжээнд ордог байдлыг өөрчлөх учиртай. Холбогдох төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллана” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.