СДМЗХ-ноос зохион байгуулсан “Монголын түүх” олимпиадын шилдгүүд шалгарлаа

2025-02-10 Боловсрол

Монгол Ардын Намын дэргэдэх Социал Демократ Монголын Залуучуудын Холбоо их Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойг тохиолдуулан “Монголын түүх” олимпиадыг 2025 оны хоёрдугаар сарын 08-09-нд Улаанбаатарт амжилттай зохион байгууллаа.

Олимпиадын эхний даваанд Монгол Улсын 21 аймаг, сумд, нийслэлийн 9 дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн 1071 сурагч оролцлоо. Тэднээс шилдэг 58 сурагч хоёрын даваанд шалгарч, эсээ бичлэгийн төрлөөр өрсөлдөн шилдгийн шилдгүүд тодорсон юм.

Олимпиадын шилдгийн шилдгээр тодорсон 58 сурагчид батламж, мөн олимпиадын шагналт байрт шалгарсан сурагчид болон шилдэг заах аргын нэгдлүүдийг шагнаж урамшуулав.

Олимпиадын тэргүүн байрт Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 3-р сургуулийн сурагч Э.Сод-Эрдэнэ шалгарсан юм. Тэрбээр дунд ангиасаа эхлэн түүхийн хичээлийг шимтэн судалж буй бөгөөд өрсөлдөөн ихтэй олимпиадад тэргүүлсэндээ баяртай байгаагаа хэлж байлаа.

Дэд байрт нийслэлийн ерөнхий боловсролын 84-р сургуулийн сурагч У.Мишээл тодорсон юм. У.Мишээл дэлхийн хаана ч очсон Монголын түүхээ мэддэг Монгол хүн байх ёстой гэж бодож багаасаа түүхт шимтэн орсон байна.

Гуравдугаар байрт нийслэлийн “Гёте” сургуулийн сурагч Д.Эрдэнэ-Очир шалгарлаа. Д.Эрдэнэ-Очир тавдугаар ангиасаа түүхийг эх сурвалж, судалгаа шинжилгээний хүрээнд судалж эхэлснээ ярьж байв.
Мөн олимпиадын тусгай байрт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 1-р сургуулийн сурагч Б.Дэлгэрцэцэг, нийслэлийн 24-р сургуулийн сурагч Э.Цэлмэг нар орсон юм.

Энэ удаагийн олимпиад багш нарын хичээл зүтгэл, ур чадварыг үнэлэн шилдэг заах аргын нэгдлийг шалгаруулснаараа мөн онцлог байв. Сурагчдын оролцоо, онооны эрэмбэ зэргээрээ тэргүүлсэн дараах таван сургуулийн заах аргын нэгдлийн багш нар шилдгүүдээр шалгарлаа.

Тэргүүн байрт Сүхбаатар аймгийн ерөнхий боловсролын 3-р сургуулийн багш Ч.Баяржаргал, дэд байрт нийслэлийн “Шинэ Монгол Харүмафүжи” сургуулийн багш И.Эрдэнэбаяр, гуравдугаар байрт нийслэлийн “Шинэ Монгол” сургуулийн багш А.Ганбаатар, тусгай байрт Төв аймгийн Зуунмод хотын 5-р сургуулийн багш Г.Мөнхбаяр, тусгай байрт нийслэлийн 102-р сургуулийн багш О.Уянга нар шалгарлаа. Ийнхүү их Жанжин Дамдины Сүхбаатарын мэндэлсний 132 жилийн ойг тохиолдуулан “Монголын түүх” олимпиадад Сүхбаатар аймгийн багш, сурагчид тэргүүллээ.

Улсын хэмжээнд мянга гаруй сурагч өрсөлдсөн, өргөн цар хүрээтэй тус олимпиадын хаалтын үйл ажиллагаанд Социал Демократ Монголын Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва, тус холбооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Б.Галсан, хамтран зохион байгуулсан Монгол Улсын Боловсролын Их сургуулийн доктор, профессор Ж.Гэрэлбадрах, доктор А.Алтанбагана нар оролцов.

СДМЗХ-ны Ерөнхийлөгч Б.Пүрэвдагва шагнал гардуулах үеэр хэлэхдээ “Энэхүү олимпиадыг зохион байгуулахаар төлөвлөхдөө 300 сурагч оролцоно гэж тооцож байсан. Гэтэл 1071 сурагч олимпиадад өрсөлдлөө. Эндээс хойч үе болсон дүү нар минь улс, эх орныхоо түүхэнд ямар их ач холбогдол өгч, Монголын түүхээ шимтэн судалдаг хүүхдүүд маш олон болжээ гэсэн бахархах сэтгэгдэл төрж байна. Бид дэлхийн хаана ч Монгол хүн гэж бахархалтайгаар хэлэх хамгийн том шалтгаан бол Монголын түүх юм” гэв.

Тэмцээний шүүгч, МУБИС-ийн доктор, профессор Ж.Гэрэлбадрах “Тусгаар тогтносон улсын иргэн байна гэдэг зүйрлэшгүй их аз жаргал. Тусгаар тогтнол асар их үнээр олддог. Юм бүхэн өнөөдөр шиг байгаагүй. Энэ бүхнийг мэддэг, ойлгодог, хүндэлдэг, хайрладаг байгаасай” гэв.

Өнөөдрийн онч үг

8 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.