Монгол Улсын урантай холбогдсон ӨНГӨРСӨН, ОДОО, ИРЭЭДҮЙ цаг
Манай улсын урантай холбогдсон түүх өнгөрөгч зуунаас хөвөрнө. Тухайн үед буюу 1981 онд “БНМАУ-ын нутаг дэвсгэр дээр ураны орд газрыг ашиглах тухай нууц хэлэлцээр”-ийг үзэглэж, Приаргунскийн уран боловсруулах үйлдвэрийг байгуулж байж. Ингэхдээ Мардайд бүх дэд бүтцийн хамт “Эрдэс” гэдэг 10 мянган оршин суугч амьдрах хаалттай суурин, уран олборлох үйлдвэр байгуулсан хэмээн Мардайн хроник Ц.Ганжуурдалай тэмдэглэн үлдээсэн байдаг. Тухайн үед тус уурхайгаас 600 мянган тонн орчим ураны хүдрийг Чита мужийн металлургийн үйлдвэрт тушаасан гэх. Гэхдээ үүнээс их ч байж мэднэ.
Хамгийн гол нь энэ их ураныг авах гэж газрын хөрсийг эргүүлчихээд байхад Дорнодын хүн, мал генийн өөрчлөлт, мутацид ороогүй, тэр талаар өгүүлсэн элдэв миф-домог, цуу яриа өнөөдрийг хүртэл байдаггүй нь нэгийг хэлж буй юм.
Харин дараагийн том алхам бол 1997 оноос Монголд уран олборлох анхны шанг татсан “Орано” группийн “Бадрах Энержи” ХХК нь аажим аажимаар урагшилсаар 2006 онд 7000 гаруй тоннын нөөцтэй Дулаан-Уул, 2010 онд 93 мянга гаруй тоннын нөөцтэй Зөөвч-Овоо гэх ураны ордыг нээн илрүүлсэн явдал.
Гэхдээ энэ хугацаанд Мардайн ил уурхайгаар уран олборлоход гараагүй элдэв цацраг сүүлийн 27 жилийн хугацаанд Улаанбадрахад хаяглагдаж, гажиг төлийн зургаар нүүр номоо “чимэх” бүлэг арми бий болж, олныг сэртхийлгэх болов. Гэхдээ энэ бүхнийг эцэслэх мэргэжлийн байгууллагууд тухай бүрт нь хариулт, няцаалт өгсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл, 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл Дорноговь аймагт төрсөн малын гаж төрөлтийг уранаас шалтгаалсан гэсэн нотолгоо байхгүй. Мөн тус аймагт бүртгэгдэж байгаа малын гаж төрөлт бусад аймагтай харьцуулахад заримаас нь гурав дахин бага төдийгүй ийм тохиолдол нь генийн өөрчлөлт бус, механик гэмтлээс үүдсэнийг албаныхан тодотгожээ.
Харин хамгийн сүүлд түүхэнд тэмдэглэгдэх томоохон дэвшил бол шинэ оны босгон дээр Засгийн газраас Франц улстай 27 жил гацсан уран олборлох төслийг хамтран хэрэгжүүлэхээр үзэглэсэн явдал юм. Хэдийгээр Зөөвч-Овоо орд нь ураны нөөцийн хувьд, Оюутолгойн зэсийн ордоос хэд дахин бага боловч монголчуудын хүртэх өгөөж хэд дахин нэмэгдэхээр байгааг салбарынхан санал нэгтэй тооцоолжээ. Нэг үгээр хэлбэл, энэ удаагийн төслийн буянд баялагийн эзэд ам тосдоно. Тухайлбал, 2028 он хүртэл бүтээн байгуулалт өрнөнө. Нийт санхүүжилт 500 сая америк доллар байна. Үүнээс цааш төлбөрийг төсөл өөрөө санхүүжүүлэхээр үзэглэсэн. Эл хүрээнд иргэн бүрийн хуримтлалын дансанд төслөөс авах орлогоос шууд орно. Манайх жил бүр төслийн үр өгөөжийн 51 хувийн орлогыг Үндсэн хуульд заасныхаа дагуу ямар ч тохиолдолд авахаар заасан гээд бидний хүртэх хувь их.
Хамгийн гол нь эрчим хүчээр хөршүүдээсээ хараат явж ирсэн манай улс дэлхийн цөмийн эрчим хүчний салбарт нэрээ мандуулж, үйлдвэржсэн орон болох сууриа тавилаа. Зүй нь цөмийн эрчим хүчний түүхий эдийг олборлож эхэлнэ гэдэг нь атомын цахилгаан станцтай болох эхлэл тавигдаж буй хэрэг. Цаашлаад хэдэн тэрбумыг үрээд ч шийдэж чадахгүй байгаа утаанаасаа ангижрах “гарц” нээгдэнэ.
Монголчуудад уранаа дурсаж суух цаг ойрхон байна
Бид одоо л зориглохгүй бол дэлхийн техникийн дэвшлийг гүйцэхгүй болж, хэдэн мянган үеэрээ хадгалж ирсэн ашигт малтмалаа байсан газарт нь үүрд дурсаж суух нь. Ингэж хэлэхэд учир бий. Өнөөдөр дэлхийн 50 гаруй оронд цөмийн нэгдэх урвал болон плазмын физикийн судалгаа хийж байна. Энэ нь ирээдүйд атомын цахилгаан станцыг халж, уран үнэгүйдэнэ гэсэн үг. Дэлхий даяар 10 жилийн турш эд ангиудын загвар, талбайн бэлтгэл, үйлдвэрлэлийн дараа дэлхийн хамгийн том олон улсын цөмийн нэгдэх урвалын байгууламж болох ITER-ийн угсралт Франц улсад 2020 онд эхэлсэн. ITER нь цөмийн нэгдэх урвалаар эрчим хүч үйлдвэрлэх шинжлэх ухаан, технологийн үндэслэлийг харуулах “DEMO” гэж нэрлэгддэг ирээдүйн эрчим хүч үйлдвэрлэх нэгдэх урвалын эрчим хүчний загвар станцуудын технологийг батлах зорилготой олон улсын төсөл юм. ITER анхны туршилтаа энэ онд хийж эхлэнэ. Ингээд 2036 онд бүрэн хүчин чадалтайгаар туршилтаа эхлүүлэхээр төлөвлөж байгааг олон улсад онцолж байна. Мөн DEMO-ийн хугацаа улс орнуудад өөр өөр байдаг ч 2050 он гэхэд цахилгаан эрчим хүч үйлдвэрлэдэг цөмийн нэгдэх урвалын эрчим хүчний станцыг барьж ашиглалтад оруулах боломжтой гэдгийг шинжээчид санал нэгтэй хүлээн зөвшөөрөх болжээ.
Энэ талаар доктор Н.Норов гуай “2045 онд ураны анхдагч хэрэгцээ байхгүй болох учраас бид эрэлттэй, өндөр үнэтэй байгаа үед нь олборлож зарах нь эдийн засгийн хувьд хамгийн ашигтай гэж үзэж байна. Харин 2045-2050 оноос эхлэн уран үнэгүйдэж огт хэрэггүй болно. Учир нь ураны түлш хэрэглэгддэг болж, реакторууд нь түлшээ нөхөн үйлдвэрлэдэг болох нь” хэмээн тодотгосон нь бий.
Нөгөөтэйгүүр, өнгөрсөн хугацаанд бид юуг алдаж, юуг онов. Ямартай ч Монгол орны алтан хөрсөнд дэлхийд ховорхон уран байдгийг илэрүүлсэн нь хамгийн том олз. Харин бид уранаа эртхэн эдийн засгийн эргэлтэд оруулж, гадны хөрөнгө оруулагчтай дөрөө харшин зөв тогтолцоотой ажиллаж чадсан бол өнөөдөр атомын цахилгаан станц яриад суух байлаа. Хүний эрхийн үндэсний комиссоос гаргасан “Агаарын бохирдол нь хүн амд амьсгалын замын, уушги гуурсан хоолой, зүрх судасны өвчлөл үүсгэх гол хүчин зүйл болоод байна. НЭМҮТ-өөс хийсэн судалгаагаар агаарын бохирдлын нөлөөнд 65-аас дээш насны өндөр настан, 0-5 насны хүүхэд, жирэмсэн эх, архаг суурь өвчтэй хүмүүс илүү өртөж байна. Монголд жилд дунджаар 300 хүн агаарын бохирдлоос үүдэлтэй өвчний улмаас нас барж байна гэх статистик” мэдээллийг харж, халаглахгүй байсан болов уу.
Мөн бидэнтэй ижил гараанаас эхэлсэн Казакстан улс ураны үүцээ дэлгэн хүчирхэгжиж, дэлхийн ураны хэрэглээний 50 хувийг хангаад эхэлжээ. Тэд зургаан хөлтэй ишиг, хоёр толгойтой хурга, сохор ботгоны сэгээр бие биенээ айлгасангүй, хөрөнгө оруулагчиддаа найр тавьсан. Өдгөө Францаас гадна Канад, Австраличууд тэндээс уран олборлож байна. Казакстан уул уурхайн орлогоороо эдийн засгаа солонгоруулж, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн гайхшируулсаар. Гэтэл бидний галт тэрэг одоо л гараанаас хөдөлж байна. Тиймээс Монголын Уранд ухрах зам байхгүй…
Хүний биеэнд ч айдаг шар чинь агуулагдаж байдаг
Нэгэн цөмийн физикч “шар нунтагийг талхан дээр тавиад идсэн ч болно” хэмээсэн нь байгалийн уран хөнөөлтэй юу эс хөнөөлтэй юу гэдгийг хамгийн энгийнээр ойлгуулах гэсэн хэрэг. Нийгмийн сүлжээнд тархаад байгаачлан хоёр улсын хооронд хийсэн гэрээгээр байгалийн ураныг газар сэндийлж, хөрс шороо бусинулж ухахгүй. Байгальд ээлтэй, уусган олборлох технологи хэрэглэнэ. Тэгээд ч бид байгалийн уран олборлох гэж байгаагаас цөмийн станцын түлш боловсруулахгүй. Изотоп 238 газрын гүнээс байгаль орчинд хоргүй аргаар гаргана. Өдгөө зургаан томоохон оронд үүнийг цөмийн түлш изотоп 235 болгон боловсруулж байгаа.
Үнэндээ байгаль дээр байгаа уран нь мал, ургамал, амьтанд нөлөөлөх аюул байдаггүй. Бид өдөр тутамдаа булцуут ургамал болох лууван, төмс, манжин зэрэг ургамлаар дамжуулан бага хэмжээний уранаар хооллож байдаг. Хүн өдөрт 1,5 микро грамм ураныг хоол хүнсээр дамжуулан иддэг гэдгийг эрдэмтэн, судлаачид хэдэн арван жилийн өмнө тогтоожээ. Жишээ нь айл бүхний хэрэглээ луувангийн шүүсэнд өнөөх хоёр толгойтой, зургаан хөлтэй хурга хүртэл төрүүлээд байгаа гэгдэх айхтар шар чинь агуулагддаг байна.
Бид л ураныг шар өнгөтэй нунтаг бодисоор төсөөлж байдаг болохоос уран агуулсан хүдрийн баяжмал нь шар нунтаг болтлоо хэд хэдэн үйлдвэрийн дамжлагаар ордог. Тэрхүү шар нунтаг нь цааш дахин боловсруулалтад орж түүний тал хүрэхгүй хувь нь жинхэнээсээ уран болно. Харин тэрхүү уран нь зөвхөн альфа цацраг ялгаруулах бөгөөд энэхүү цацраг нь ургамал, мал, амьтанд хөнөөл учруулахгүйгээр барахгүй, ердийн бичгийн цаасаар цацрагийг нь хааж болдог.
Цаашлаад бид өдөр тутамдаа цацрагийн дунд амьдарч байдаг. Тухайлбал, рентгэн, MRI оношилгоо, хавдрын хими эмчилгээ гээд бүгд цацраг. Уул уурхайн компаниуд ч өрөмдлөг хийхдээ цацраг идэвхт үүсгүүртэй багаж ашигладаг төдийгүй замын чанарыг шалгадаг багаж нь мөн л цацраг идэвхтэй байдаг.
Өнөөдөр манай орны хэмжээнд ураны эрэл хайгуулаас гадна цөмийн үүсгэвэр ашигладаг 280-аад байгууллага байдаг аж. Цөмийн энергийн газар энэ бүхэнд хяналт тавьдаг, гэхдээ асуудал зөвхөн уул уурхайтай холбогдон босч ирдэг байна. Одоогоор цацрагтай байнга харьцдаг байгууллагуудын мэргэжилтнүүд дотроос өнөөх олон гажиг, элдэв мутацид орсон гэх нүд хальтрам дүр төрхтэй хүн амьтны сураг ажиг дуулдаагүй л байна.
Ер нь л бидний эргэн тойронд байгалийн ховор элемент гэгдэх уран хаа сайгүй бий. Таны гишгэж буй хөрс, чулуу, ус гэх мэт. Тэр ч бүү хэл бидний биед маш бага хэмжээгээр агуулагддаг. Мөн далайд их хэмжээний шингэрүүлсэн уран байдаг бөгөөд ойролцоогоор 4 тэрбум тонн орчим юм. Энэ мэтчилэн байгаль эхийн бүтээсэн өөрийнх нь бүтээлийг хүн зон зөв зохистой хэрэглэх нь байгалийн хууль билээ.
2025-01-28
2025-01-28
2025-01-27
87499
30942
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.