Манай улсад 32 543 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин сууж байна

2024-12-6 Uncategorized

Монгол Улсад 2024 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 132 улсын 32543 гадаадын иргэн албан болон хувийн хэргээр оршин суух бүртгэлтэй байна. Эдгээр иргэдийг улсаар нь авч үзвэл АНУ-ын 1511, БНСУ-ын 1776, БНХАУ-ын 17849, ОХУ-ын 4424 иргэн, бусад улсын 6983 иргэн байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр оршин суугч гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь, үүний дотор нэг улсын иргэн нэг хувь хүртэл байж болно” гэж заасан. Хуулийн дагуу авч үзвэл Монгол Улсын харьяат хүн амын гурван хувь буюу 105142 гадаадын иргэн, үүнээс нэг улсын 35 мянга гаруй иргэн Монгол Улсад оршин суух боломжтой. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хувийн хэргээр оршин сууж байгаа гадаадын иргэдийн нийт тоо нь Монгол Улсын нийт хүн амын 0.93 хувь, үүнээс Монгол Улсад хамгийн олон иргэд оршин сууж байгаа БНХАУ-ын иргэд 0.51 хувь, ОХУ-ын иргэд 0.12 хувь, АНУ-ын иргэд 0.04 хувийг тус тус эзэлж байна.

Гадаадын иргэн, харьяатын газар нь Монгол Улсад оршин сууж буй гадаадын иргэдийн бүртгэл хяналтын тоон мэдээллийг байгууллагын албан ёсны цахим сайт (immigration.gov.mn)-ын “Нээлттэй мэдээлэл” цэсэд сар бүр тогтмол нийтэлдэг бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд уг цахим сайтаар хандаж мэдээлэл авах бүрэн боломжтой.

 

Өнөөдрийн онч үг

1 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.