Нийслэлийн эрүүл мэндийн газраас томуу, томуу төст өвчний талаар цаг үеийн ээлжит мэдээлэл хийлээ.
Тус газраас мэдээлснээр нийслэлийн хэмжээнд томуу, томуу төст өвчний тархалтын түвшин 44 дэх долоо хоногийн байдлаар идэвхжилийн түвшинд байна. Өнгөрсөн өдрүүдэд амбулаторийн 20 мянган үзлэг хийснээр томуу, томуу төст өвчний 6160 тохиолдлыг оношилжээ. Энэ нь нийт үзлэгийн 5.1 хувийг эзэлж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногоос 0.1 хувиар өссөн үзүүлэлт аж. Өвчлөгсдийн 19.3 хувийг 0-1 нас, 23.8 хувийг 2-4 нас, 19.3 хувийг 5-9 нас, 20.4 хувийг 10-15 насныхан эзэлж байгааг мэдээлэлдээ дурдлаа.
Өнөөдрийн байдлаар нийслэлийн есөн дүүрэгт 1108 хүүхэд томуу, томуу төст өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Ингэхдээ зургаан дүүрэгт 310 ор нэмэлтээр дэлгэжээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 2300 орчим хүүхэд эмнэлгийн яаралтай хүлээн авах төвөөс тусламж авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 50-100 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлт гэдгийг албаныхан тодотголоо.
Иймд амралтын өдрүүдэд яаралтай хүлээн авах төвийн ачаалал нэмэгдэж буйтай холбогдуулан Нийслэлийн эрүүл мэндийн газраас харьяа байгууллагуудад чиглэл хүргүүлж, мөн үзлэг хийх эмчийг нэмэгдүүлэхээр болжээ.
87345
30335
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.