МАН бага хурлаа зарлаж, “женко”-чдын бяцхан бүлэглэл задарч болзошгүй

2024-10-20 slider

Орон нутгийн сонгуулийн дараах өрөм хусмын хуваарилалт орон даяар зодоон нүдээнтэйгээр үргэлжилж байна. Төдийлөн олны нүдэнд өртдөггүй байсан дунд доод шатны албан тушаалын хуваарилалт энэ удаад нэлээд анхаарал татаж байгаа.

Арга ч үгүй биз. Эл хуваарилалтаас МАНАН бүлэглэл болоод МАН, АН гэх хоёр намд томоохон өөрчлөлт гарах учраас гоомой хандахын аргагүй. Намынх нь малгайг өмссөн нам дамнасан бүлэглэлийн гар хөлийг аль аль намынхан одоогоор ялгаж чадахгүй байгаа тул хөл толгойгоо угсрахад ёстой л шүдний өвчин болж буй биз.

Удирдлагуудаа “хөл”-гүй болгосон Л.Оюун-Эрдэнэ Я.Содбаатар нарыг хүлээж буй зэм

МАН-ын бага хурал удахгүй зарлагдах талаар Төрийн ордноор шуугиад эхэлж. Өмнөх буюу 2024.05.21-ний бага хурлаар Л.Оюун-Эрдэнэ Сонгуулийн ерөнхий хороонд албан тоотоо хүргүүлэх хуулийн хугацааг тулган, шөнө дөлөөр өвөртөө байсан намын нэрийн жагсаалтыг хүчлэн танилцуулснаар өндөрлөсөн нь улстөрийн намын хурал гэхээсээ Л.Оюун-Эрдэнийн хувийн компанийн танилцуулга шиг юм болсон.

МАН 30 дахь Их хурлаа 2021.12.6-7-ны өдрүүдэд хийн Бага хурлыг 479 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр дараагийн Их хурал хүртэлх хугацаагаар байгуулсан байдаг. Эл бага хурал нь өдгөө УИХ, Орон нутгийн сонгуулиар МАН-д элссэн болон хоёр шатны сонгуулиар ялалт байгуулсан, ялагдсан эрхмүүдийг эрэмбэлж, Бага хурлын гишүүдийг шинэчлэх шаардлага үүссэн хэмээн үзээд хурал товлохоор ийнхүү бужигнаад эхэлсэн бололтой.

Зөв ч биз…

Ялсан ялагдсан гишүүдтэй гэхээсээ илүүтэй намаасаа төрсөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, ЗГХЭГ-ын дарга гэхчлэн бүх дарга нараа Орон нутгийн сонгуулиар “хөл”-гүй болгож орхисон супер нам шүү дээ. Тэгэхээр ярих, эцэслэх асуудал тэдэнд бишгүй байж таарна.

Дарга нараа сорчлон “хөл”-гүй болгосон нь Х.Баттулгатай ил далд хамтарсан тоглолтуудыг удаа дараа хийн, нам дамнасан бүлэглэлийн удирдагч гэгдэхдээ тултал бодлого нь манантсан Л.Оюун-Эрдэнийн балаг хэмээн бүлэг фракциуд нь үзэж, улмаар УИХ-ын сонгуулийн үр дүнд “Эвсэл”-ийн Засгийн газар байгуулах шаардлага гарвал энэ тухай намын Бага хурлаар хэлэлцүүлэн батлуулах дүрмээ баримтлалгүй мөн мөнөөх нам дамнасан бүлэглэл гээчийнхээ хүрээнд шийдвэрлэсэн гэх зэмийг Л.Оюун-Эрдэнэд тулгах бололтой.

Эл хатуухан гэм зэм Я.Содбаатарыг ч тойрохгүй хэмээн эх сурвалжаас хэлж байна.

30 жил час улаан явж ирсэн тойргууд цэнхэртсэн, намын удирдлагуудын тойргуудад ялагдал хүлээсэн хариуцлагыг тэр хүлээх ёстойгоос гадна Бага хурлаар хэлэлцүүлэлгүй “Эвсэл”-ийн Засгийн газар байгуулчихаад байхад гүлдийтэл чимээгүй суугаа нь цаашид намын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллах чадваргүйг харуулж буй хэрэг хэмээн намын нь гишүүд үзэж байна.

Иймээс Бага хурлыг яаралтай товлон хурлынхаа эрх мэдлийн хүрээнд хамтарсан Засгийн газрын асуудлыг хэлэлцэх, намын Удирдах Зөвлөлийг байгуулж ажиллуулах, тайланг хэлэлцэж ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх, цаашлаад Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг улираан томилуулах эсэх саналыг хэлэлцэх чиглэл гишүүдэд нь хүргэгдээд байгаа юм байна.

Сонгуулийн дараа МАН парламентад олонх болсон ч АН ХҮН хоёрыг нууц амраг шиг чирч яваа нь таалагдахгүй байна хэмээн зарим гишүүд зэвүү дургүйг зэрэг зэрэг ханхлуулсан хатуу үгсийг хайр найргүй шидэлж буй аж.

Үнэндээ ч Л.Оюун-Эрдэнэ мэдлэг чадвартаа эргэлзсэнийх үү, эсвэл түмний хэлж байгаачлан нам дамнасан бүлэглэлийн удирдагч болчихоод гишүүдээ хаяж гээж чадахгүй яваагийнх уу, хамтарсан эвссэн гэхэд хэцүүхэн Засгийн газрыг байгуулж, улмаар Орон нутгийн сонгууль МАН-д огтоос хамаагүй мэт ажин түжин өнгөрөөсөн нь үнэн. Ямартаа төрсөн тэлсэн нутаг гэх Хэнтийдээ түшиж тулах хөл гаргүй болж, засаглалыг нь АН-д алдаж суухав.

Тэр бүү хэл, НИТХ-ын төлөөлөгчдийн сонгуульд Х.Нямбаатар ганцаар тулж, Л.Оюун-Эрдэнэ нь битүүхэндээ Х.Нямбаатарынхаа эсрэг ажилласан гэх цочим хардлага улстөрийн хүрээнийхэнд байсаар байгаа. Түүнийг нь батлах мэт Х.Нямбаатар нь Л.Оюун-Эрдэнийн занаа цавчаанд явсан гэх Н.Мандуул Ж.Сандагсүрэн З.Төмөртөөмөө нарыг дэргэдээ чирээд ирлээ. Ж.Сандагсүрэн ногоон автобусны хэрэгт яллагдагчаар татагдсан 24 хүний нэг бол З.Төмөртөөмөө ногоон автобусны дуулианаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн саналын дагуу хотын даргын орлогчийн албаас түдгэлзээд байсан нэгэн. Өдгөө тэд Л.Оюун-Эрдэнийн эсрэг мушилзаж байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ч Л.Оюун-Эрдэнэ Я.Содбаатар нарт хөтлүүлсэн байдалтай 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд орвол МАН ялагдал хүлээх нь зайлбаргүй хэмээн үзэх болсон талаар ойрын нь хүрээллээс хэлж буй юм. Учир нь мань хоёр Трафигурагийн монгол тархи гэгддэг А.Амундрагийн гарт хэдийнэ хөтлүүлчихсэн тул одоо л хариуцлага ярьж зайлуулахгүй бол өөр хэзээ ч боломж гарч ирэхгүй гэдгийг эх сурвалжаас тодотгож байна.

Х.Баттулга ууртай байна

АН-ынхны уур бухимдлыг тээсэн галт “сум” Л.Гантөмөрийг дайрах нь гарцаагүй болсон. АН-ын даргын суудлаас буучихвал МАН-д хэрэггүй болоод зогсохгүй шадар гэх гоёлын эрхиэ ч тайлахад хүрнэ. Тэр цагт тэрбээр эхнэрийн хамт амвэйн худалдаа эрхлэхээс өөр шидгүй хоцрох биз.

Тэгвэл АН-ын толгойд хэн очих вэ?! Х.Баттулга гэж үү…

Уг нь түүний туйлын хүсэл мөн боловч түүний хувийн баг команд дотроосоо өтчихсөн байж мэдэхээр байгааг сүүлийн үеийн улстөр дэх тоглолтууд нь харуулж байна. Ёжтойхон атлаа тамирчин хүний тайван төрхөөр үргэлжид олны өмнө гарч байдаг тэрбээр өнгөрсөн 7 хоногжин сармагчингийн бөгс л ийм улаан байдаг даа гэмээр минчийж хүрэнтэв.

Уг нь орон нутгийн сонгуульд ялагдсан ч ялсан ч түүнд ашигтай байх учиртай. Харамсалтай нь бодлого бус бордюр ярьсан хамт олон нь хэдийнэ гэдсэндээ хөлөө жийлцэн, төдийгөөс өдийг хүртэл итгэж явсан ойрын нөхөд нь сэтгэл буруулж эхэлснийг эх сурвалжууд хэлж байна.

О.Цогтгэрэлийг АН-ын даргаар сонгох бор шувуу нисэхтэй зэрэгцэн УИХ дахь намын бүлэг нь “Худал” хэмээн няцааж, Т.Батцогтыг Ч.Лодойсамбуугаар орлуулах мессежид АН-ын сул гишүүд гал манартал уурсах жишээний. Энэ зуурт Т.Батцогт хүртэл Х.Баттулгаас дөлж, УИХ-ын сонгуулийн үеэр Нийслэлийн намын хорооны даргын суудлаас татгалзах хүсэлт өгч байхад хүлээж аваагүйгээр үл барам УИХ-д нэр дэвших хүсэлтийг нь ч үл тоосон хэмээн нударга зангидсаныг ойрын нь нөхөд хэлж байна. Улмаар ганцаар зэм хүртэхгүй, Н.Ганибалыг чирээд бууна хэмээн Х.Баттулгын нервийг барсан дуулдав. Ямартаа ч эл уйлаан майлааны зэрэгцээ Х.Баттулгын далбаан дор улстөрд хол явахгүй нь нэгэнт ойлгомжтой болсоор тул амь амиа бодох, эсвэл нэгэнт өтөлсөн “банхар”-ыг хашаанд нь үлдээгээд хамт цааш хөдлөх зэрэг уулзалтууд хэд хэд болсон байна.

Мэдээлэл үнэн байж мэдэх юм.

Өдгөө түүний төлөө Ө.Шижирээс өөр дуугарч буй чөтгөр ч алга. Харамсалтай нь Ө.Шижир улстөрд бүү хэл алс замд ч дагуулалтгүй нэгэн гэдгээ хэлсэн үг, хийсэн үйлдлээрээ харуулж, түмний эгдүүцлийг хүргэсээр байгаа.

Хамгийн сүүлд гэхэд “Да.Ганболд гэх хүнийг танихгүй. Хэнтийн нөхөн сонгуульд амны бөхөөр очиж унаад, 2020 оны сонгуульд Хөвсгөлд хэвтэж өгснийг л сонссон” зэргээр алдаатай оноотой ч намын түүхээ, нэгэн үеийн нь тулгыг тулалцаж явсан дарцгуудаа элдэвлэж харагдсан. Л.Оюун-Эрдэнэ С.Баярыг танихгүй гэж хэлбэл хичнээн инээдтэй харагдах билээ, Ө.Шижир тийм л байв.

1990.02.18-нд Монголын Ардчилсан Холбоо анхдугаар их хурлаа хийх үеэр Шинэ Дэвшилт Холбоо байгуулагдсанаа зарлаж, Монголд улстөрийн зорилго бүхий гуравдахь олон нийтийн байгууллага байгуулагдаж байсныг хүүхдүүд ч нийгмийн ухааны хичээлээрээ үзэж, сонсч буй биз. Тэрхүү Шинэ дэвшилт холбоог үүсгэн байгуулагчдын нэг нь Да.Ганболд. Монголын Үндэсний дэвшлийн намын анхны дарга, Монголын Үндэсний Ардчилсан намын анхны дарга, Монгол Улсын анхны ардчилсан сонгуулиар гарч ирсэн Засгийн газрын Тэргүүн шадар сайд. Түүнд алдсан оносон зүйл бишгүй. Гэхдээ Ө.Шижир мэтийн баривчнаасаа салаагүй бацаануудад үгүйсгэгдэх хэмжээний ардчилагч бол биш.

Магадгүй Х.Баттулгын бяцхан бүлэглэл задарч, сандрахдаа Ө.Шижир нарын хүүхдүүд нь том харагдах гэж тэвдэн тэнд энд гишгэчиж яваа байж мэдэх л юм.

Үргэлжлэл бий…

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.