АНУ-ын Аризона мужийн Финикс хотод хэт халсны улмаас онгоц нисч чадахаа болжээ. Өчигдөр тус хотод их үдийн орчимд 49 хэм хүрч халснаар 40 гаруй хуваарьт нислэг хойшилж, үдээс хойш сэрүү унасны дараа ниссэн байна. Ихэвчлэн орон нутаг хооронд нисдэг бага оврын онгоцнуудын нислэг хойшилсон аж. Учир нь, агаар хэт халуун үед бага оврын онгоц нисэхэд хүндрэлтэй болдог байна. Агаарын хэм нэмэгдэх үед нягтрал нь багасч, сийрэгждэг. Агаар сийрэг үед нисэх онгоцны далавч илүү их хүч зарцуулж, хөдөлгүүрийг ачаалладаг ажээ. Boeing 747s, Airbus зэрэг томоохон онгоцнуудын хувьд үйл ажиллагааны температур нь бага оврын онгоцноос харьцангуй өндөр байдаг учраас халуунд төдийлэн ажирдаггүй гэнэ.
Халуунд нисэх бэрхшээл Ойрхи Дорнод болон Өмнөд Америкийн орнуудад ихэвчлэн тохиолддог учраас олон цагийн нислэгийг сэрүү орсон хойно буюу шөнө оройн цагаар төлөвлөх нь түгээмэл байдаг. Гэхдээ дэлхийн дулаарлын нөлөөгөөр энэ нь зөвхөн халуун орнуудын асуудал биш болж байна. Хаа сайгүй огцом халдаг болсон нь нисэх онгоцны хөөрөх, өндрөө авах, түлш зарцуулахаас эхлээд ачаа тээшний хэмжээнд хүртэл нөлөөлж болзошгүй байгааг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 2016 оны тайланд дурдаж байсан юм.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.