Унаач хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллана

2024-06-28 Мэдээ, мэдээлэл

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан, Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг, Захиргаа удирдлагын газрын дарга Н.Монголхүүтэй хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар санал солилцлоо.

Комисс нь Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд хагас, бүтэн өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрхийн асуудлыг тусгаж, холбогдох саналыг УИХ-д хүргүүлсэн. Улмаар 23 дахь илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын 37 дугаар тогтоол батлагдсан.

Тус тогтоолд дараах асуудлыг тусгасан. Үүнд:

Улсын хэмжээнд хагас, бүтэн өнчин болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон, айлд амьдарч байгаа зэрэг хүүхдийн бүртгэлийг хийх, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлж, хяналтын механизмыг сайжруулах, эдгээр эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдийн амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийн санг бүрдүүлэх, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэх, тусгайлсан бодлого боловсруулан хэрэгжүүлэх.

Хүүхдийн асрамж халамжийн төвөөс гарч байгаа өнчин хүүхдийг ажлын байр, орон байртай болоход бодитой дэмжлэг үзүүлэх, тэдгээр хүүхдийг их, дээд сургуульд суралцахад боловсролын зээлийн санхүүжилтээр үнэ төлбөргүй суралцуулах, суралцагчийн тэтгэлгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх.

Аймаг, дүүрэг бүрд байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд зориулсан нөхөн сэргээх, нийгэмшүүлэх, боловсрол олгох, өдөр өнжүүлэх хөгжлийн төв болон байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төрөлжсөн асрамж, халамжийн төв байгуулах, холбогдох санхүүжилт, хүний нөөцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэх арга хэмжээ авахыг Монгол Улсын Засгийн газарт хэрэгжүүлэхийг даалгасан.

Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Т.Ихтамир Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 23 дахь илтгэлд тусгагдсан хүүхдийн эрхийн асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэх Хүүхэд хамгааллын тухай хуулиар хүүхдийн асуудал хариуцсан нийгмийн ажилтныг дүүрэг, аймаг, сум бүрд ажиллах зохицуулалт тусгагдсан, хуулийг нэг мөр хэрэгжүүлэх тал дээр анхаарал хандуулан ажиллаж байгааг танилцуулав.

Түүнчлэн Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны үеэр унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор Комиссоос зохион байгуулах мониторинг, дүн шинжилгээ хийх ажилд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлж, унаач хүүхэд, уяачдын нэгдсэн бүртгэл хийхэд албан хаагчдын ачаалал нэмэгддэг. Зарим тохиолдолд 7 нас хүрээгүй хүүхдээр морь унуулна, унаач хүүхдээ бүртгүүлэхгүй гэх гомдол, саналыг уяачид гаргадаг. Энэ тохиолдолд хүүхдийн дээд эрх ашгийг хамгаалах нь тэргүүний зорилт гэдгийг учирлаж тайлбарладаг гэлээ.

Уулзалтаар унаач хүүхдийг албан хөдөлмөр эрхлүүлж байгаа, амь нас, эрүүл мэндийн даатгалд хамруулдаг, даатгалын мөнгөн тэтгэмж хүүхдийн эрүүл мэндээ хамгаалуулах үйлчилгээнд зориулагдсан эсэх асуудлаар судалгаа, дүн шинжилгээ хийхээр талууд харилцан тогтож, цаашид хагас, бүтэн өнчин, байнгын асаргаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон унаач хүүхдийн эрхийг хамгаалах асуудлын хүрээнд хамтран ажиллахаар боллоо гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.