С.Амарсайхан: Ирэх сард гэнэтийн ус ихтэй аадар борооны давтамж өндөр байх магадлалтай

2024-05-27 Мэдээ мэдээлэл

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, ОБЕГ-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү нар аймаг, орон нутгийн удирдлагуудтай цахимаар хуралдаж, үер усны аюул, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдлыг ханган ажиллах асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Цаг уурын байгууллагын өгч байгаа мэдээллээр ирэх зургадугаар сард баруун аймгуудын нутгаар хур тунадас багатай, дулаахан байх төлөвтэй байгаа боловч төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр хур тунадас ахиу орох төлөвтэй байна. Иймд гэнэтийн ус ихтэй аадар борооны давтамж өндөр байх магадлалтай тул дээрх бүс нутагт үер усны аюулаас сэрэмжтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Харин долоодугаар сард Завханы зүүн, Өвөрхангай, Сүхбаатарын хойд, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын нутгаар хур тунадас олон жилийн дундажаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Иймд амралт, зугаалгын улирал эхэлсэн тул иргэдэд бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын усанд орохгүй байх, зориулалтын бус, стандартын шаардлага хангахгүй хөвөгч хэрэгсэл, завь зэргийг хэрэглэхгүй байхыг анхаарууллаа.

Тиймээс аймаг, орон нутгийн удирдлагуудад гол, мөрөн, нуурын дагуу хөдөлгөөнт эргүүлийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эрэг орчмоор үйл ажиллагаа явуулдаг амралт, сувилал, аж, ахуйн нэгжүүдэд болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөмж өгөх, амрагчдын аюулгүй байдлыг хангаж байгаа байдалд хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулж, үерт өртөж болзошгүй айл өрх, аж ахуйн нэгжүүдийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлэхийг даалгав.

С.Амарсайхан “Мэргэжлийн байгууллагууд үерийн эрсдэлийн бэлтгэлээ хангаж байгаа ч иргэн, ААН, байгууллагуудын хамтын ажиллагаа чухал.

Үерийн ам таглаж барьсан барилгыг нүүлгэхээс гадна үерийн далан сувгийг сэтрэхгүй болгох, голын урсцыг сайжруулах ажлыг хийж байгаа тухай мэдээллийг нийслэлээс байнга ирүүлж байгаа.

Өнгөрсөн хугацаанд нийслэлийн хэмжээнд 200 гаруй айл өрх, ААН үерийн аман дээр бууснаас болж иргэд амь насаа алдсан, эрүүл мэндээр, эд хөрөнгөөр хохирсон нөхцөл байдал гарсан. Энэхүү эрсдэлийг давтахгүйн тулд өнгөрсөн хавраас хойш 2,000 гаруй айл өрхийг нүүлгэн шилжүүлэх ажил цэгцэрч, шинэ далан сувгийн бэхэлгээ, хүчитгэх ажлуудыг хийж эхэлсэн тухай мэдээллийг өгч байгаа юм.

Үерийн өөр ямар эрсдэл үүсэхийг хэлж мэдэхгүй учраас бүх шатанд бэлтгэлээ сайн хангах ажлыг хийж байна” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.