С.Тайван: Ерөнхийлөгч хятадаар ярьж буй мэт хуурамч бичлэг тараасан сэжигтнүүдийг баривчилсан

2023-11-21 Мэдээ, мэдээлэл


Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр төрд халдсан, худал мэдээлэл тараасан гэмт хэргийн талаар Эрүүгийн Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван мэдээлэл өглөө.

Тэрбээр “Энэ сарын 19-ний өдөр БНХАУ-ын тикток орчинд “Цахим ертөнц” нэртэй хаягаас deep fake буюу хуурамчаар хүний царай болон дуу хоолойг өөрчилж засварлах боломжтой программ ашиглаж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2023 оны есдүгээр сарын 1-нд нийтэлсэн “Дэлхийн нийслэл Хархорум” нэртэй теле хичээлийн үеэрх дүрс бичлэгийг өөрчилж, хятад хэлээр ярьж байгаа мэтээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээсэн 38 секундийн бичлэг тараасан. Хятад улсын ӨМӨЗО-д үйл ажиллагаа явуулдаг радио телевизийн хорооны “Талын дуу хоолой радио” гэх хуудсаар хуурамч бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдсан байна. Энэ асуудалд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа.

Цагдаагийн байгууллагаас хойшлуулшгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулахад уг бичлэгийг Монгол Улсын иргэн М, А нар нь цахим орчинд түгээж, үндэсний тусгаар тогтнол, эв нэгдлийг эвдрэлцүүлэх, бусдын нэр төр, алдар хүндэд халдах, илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Иймд энэ оны арваннэгдүгээр сарын 20-нд тухайн этгээдүүдээс сэжигтнээр мэдүүлэг авч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5-д заасны дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан” гэлээ.

Хууль л амла!

Өчигдөр

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.