Сонгуулийн ерөнхий хорооноос Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь, бэлтгэл ажлын төлөвлөгөөг тус тус хэлэлцэж баталлаа. Нохойн дуу ойртож буйг төв байгууллагын үйл ажиллагаа ийнхүү илтгэж байна. Улс төрийн намууд ч нэр дэвшигчдээ битүүхэн тодруулж, шивэр авир хийгээд эхэлж. Зүй нь энэ сарын сүүлчээр нэр дэвшигчдийн материалыг тус хороо хүлээн авах гэнэ. Харин ирэх тавдугаар сард өрсөлдөгчдийг тодруулах аж.
Юутай ч Н.Энхбаяр гуай “ичээнээсээ” гарч идэвхжиж эхэлсэн дуулдана. Орон нутгийн сонгуулийн дараахан намынхнаа тараагаад байсан экс иргэн нэгдэхийг үүрэгджээ. Товчхондоо, мань хүн ирэх жилийн сонгуулийн бэлтгэлээ базаахаар шийдсэн бололтой юм. Ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй шалтгаанаар УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ хасуулсан тэрбээр Улсын Дээд шүүхэд нэхэмжлэл гаргаад байсан. Тэгвэл Дээд шүүх түүний нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснээр Ерөнхийлөгчийн сунгаанд оролцох боломжтой болсон билээ.
Ирэх зун болох Төрийн тэргүүний сунгаанд МАН, АН, МАХН гэсэн гурван нам “хүрд эргүүлнэ”. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд парламентад суудалтай намууд нэр дэвшигчээ “илгээх” хуулийн заалттай. Тиймээс хашааны гаднах намууд хөгжөөн дэмжигчээр ажиллана гэсэн үг.
МАХН-ын хувьд УИХ-д ганц суудалтай бөгөөд тэр нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү. Н.Энхбаярын толгойны өвчин болсон хуульч гишүүнийг “хайрлаж хамгаалах” шаардлага тус намынханд бий нь энэ. Ингэснээр Н.Энхбаяр дарга олон жил хүсэн хүлээсэн Ерөнхийлөгчийн сунгаанд оролцоно. Гэхдээ Н.Энхбаяр өрсөлдөх үү, эсвэл гэх асуулт гишүүдийнх нь амнаас цухалзах болсон гэнэ. Зарим нь Н.Удвалыг дахин сойх сонирхолтой байгаагаа ч хэлээд амжина билээ. Үнэндээ ч энэ намд нэр бүхий хоёр эрхмээс өөр олонд танигдаж, түмэнд зүслэгдсэн хүн үгүй. Уг нь хэд хэдэн лидер, нийгэмд эерэг дүр төрх бүтээсэн фигурууд байсан ч өдгөө дайжжээ. Харин үлдсэн ганц нь Н.Удвал юм даг уу. Түүний хувьд өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшсэн ч анхны эмэгтэй нэр дэвшигч гэх “бяцхан” түүхээс өөр зүйлгүй үлдсэн. Тиймээс МАХН Н.Энхбаяраас өөр сонголтыг гаргаж тавих нь юу л бол.
Харин өнөөгийн эрх баригчдын хувьд намын даргаа сойх сонирхол дийлэнхэд нь бий. Ялалтын ширээний ард албан тушаал хуваарилахдаа ч үүнийгээ удирдлага болгосон гэлцдэг. Өөрөөр хэлбэл, намын даргыг Ерөнхий сайд болгоогүй шалтгаан нь Ерөнхийлөгчийн сонгууль. Харамсалтай нь, замын дунд гарч ирэх зарим нэгийг тооцоолоогүйгээс бартаа, саад тулгарч мэдэхээр нөхцөл байдал бий болжээ.
Сүүлийн үед олны нүдийг орой дээр нь гаргах болсон Ц.Нямдоржийн хэтийн санаа Төрийн тэргүүний сэнтий хэмээн Төрийн ордныхон шивэр авир хийх болж. Уг нь мань хатуу самарт УИХ-ын даргын суудал өгөхөөр тохиролцож шийдвэрлэсэн талаар намынхан нь хэлдэг. Гэвч түүнд энэ санал чамлалттай санагдсан бололтой. Үнэндээ ч УИХ болоод Орон нутгийн сонгуулиар олон нэр дэвшигч Ц.Нямдоржоор имижээ хийж, өнгө төрхөө тодорхойлсон. Ямартаа л тэрбээр урилганд дарагдаж, дэндүү олон дүүрэг, сумаар явсан гэлцэх юм билээ. Улмаар түүнийг очсон газар бүрт нь иргэд халуун дотноор хүлээн авч, алга ташин урам хайрлаж байсан төдийгүй тухайн газруудад улаан туг мандсан аж. Иймээс тэрбээр өөрийгөө Төрийн тэргүүнд өрсөлдөх боломж бий хэмээн итгэж, дүрдээ хэт ороход нь нөлөөлсөн бололтой юм. Гэвч газар дээрх ганц хүү нь Эрдэнэт үйлдвэрт бараа шахсан асуудлаар эрхэм гишүүний хормойг галдчихав уу, яав. Түүнчлэн Ө.Энхтүвшин гишүүний тухайд ч хүрд эргүүлэх боломж олдвол татгалзахгүй гэдгээ хэлсэн гэлцдэг. Тиймээс М.Энхболдоос гадна хоёр ч сайн дурынхан бий аж. Иймээс эцсийн цэгийг хатгахад тийм ч хялбар байхгүй бололтой.
Тэр ч бүү хэл, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн нэр ч хаа нэгтээгээс нисэж мэднэ. 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Б.Бат-Эрдэнэ Ц.Элбэгдоржтой тун ойрхон санал авсан. Хэрэв тухайн үед МАН доторх хагарлыг тогтоож дөнгөсөн бол өдгөө Төрийн тэргүүн өөр хүн байх боломжтой байсан. Үүнийг ч ах намынхан хүлээн зөвшөөрдөг.
Харин АН-ын хувьд энэ асуудал хэтэрхий төвөгтэй. Ардчилал жинхэнэ утгаараа энэ нам дотор цэцэглэн, хөгжиж байгаагаас үүдэлтэй өөрийгөө өргөмжлөгчид дэндүү олон. Одоогоор ил болсон нь Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл. Тэднээс гадна хэд хэдэн хүний нэр ч бий. Гэхдээ Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлах нэрийдлээр хуулийн байгууллагынхныг төөрөгдүүлэх, тэднийг нийтэд өөрөөр харуулах хүсэл сонирхол ч давхар явагддаг гэхэд хилсдэхгүй. Юутай ч УИХ-ын гишүүн С.Эрдэнэ намын дарга боллоо. Тэгэхээр шуудайд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн нөхөр ирэх сунгааг сэтгэлээ чилээн, амьсгаа мэдэн хүлээж байх шив. Энэ мэтчилэн Төрийн тэргүүний сонгуульд намуудын төлөөллийн сүр сар хийх чимээ гарч эхэллээ шүү.
Н.Болдбаатар
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87367
30409
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.