Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийж байна

2023-10-11 Ерөнхийлөгч

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр Парис хотноо хүрэлцэн ирлээ.

Зочдыг Парис хотын “Орли” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Франц Улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашье, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн болон бусад албаны хүн угтан авав.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше, Парис хотын Засаг дарга Анн Идалго, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал Одри Азулей бараалхана. Мөн хоёр улсын Ерөнхийлөгч нар уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй санал солилцох юм.

Уг айлчлал нь хоёр улсын Онцгой эрхт түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч зэрэг олон салбарт өргөжүүлэн бататгах, холбогдох баримт бичгийг байгуулах зорилготой байна.

Үүнээс өмнө 1996 онд Ерөнхийлөгч П.Очирбат, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр, 2015 онд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нар Франц улсад ажлын айлчлал хийж байжээ.

Ташрамд дурдахад Монгол, Франц хоёр улс 1965 оны дөрөвдүгээр сарын 27-нд дипломат харилцаа тогтоож, Франц Улс 1966 онд Улаанбаатарт, Монгол Улс 1969 онд Парис хотноо ЭСЯ-аа нээсэн түүхтэй.

2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар Франц Улсад 2,556 монгол иргэн албан ёсоор оршин сууж байгаа бол 128 франц иргэн Монгол Улсад оршин сууж байгаа статистик мэдээлэл байна.

2024 оны олимпын наадам тус улсын Парис хотод зохион байгуулагдах бөгөөд шаардлагатай нийт байгууламжуудын 95% нь бэлэн болж, 6.8 тэрбум орчим еврог төсөвлөсөн бол 10.7 тэрбум еврогийн орлого олж, 250,000 ажлын байр бий болгох тооцоолол гаргажээ.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.