Innovation for Change (I4C) хэмээх олон улсын иргэний нийгмийн нэгдэл байдаг. Энэхүү нэгдлийн зорилго нь иргэний эрх, орон зай, эвлэлдэн нэгдэх, үзэл бодлоо илэрхийлэх нийгмийн суурь эрх чөлөөг хамгаалан батжуулахад оршдог. Уг нэгдлийн Зүүн Азийн бүс санаачилан Universiti Malaya-ийн Олон улс, стратеги судлалын тэнхимийн эрхлэгч, дэд профессор Knoo Ying Hooi-тай хамтран цар тахлын үеэрх вакцинжуулалтын процессийн нээлттэй байдал ба оролцогч талуудын хариуцлагын талаар маш сонирхолтой судалгааг хийжээ. Тэр дундаа Монгол Улстай холбоотой судалгааны тайланг бүрэн эхээр нь та бүхэн заавал сонирхож судлаарай!
Ёс суртахууны цар тахал
Улс орнуудын вакцины тэгш хүртээмж, худалдан авалт, түгээлтийн үйл ажиллагааны нээлттэй байдал, энэ бүс нутаг дахь Хятад вакцин болон бусад вакцины хуваарилалт, нийгмийн нөлөөг судалсан энэхүү судалгаанд Зүүн Өмнөд Азиас Камбож, Индонези, Филиппин, Тайланд, Зүүн Тимор, Зүүн Азиас Афганистан, Бангладеш, Энэтхэг, Непал, харин Төв Азийн бүсээс Казакстан, Монгол зэрэг нийт 11 улс хамрагджээ.
Уг судалгааны тайлантай танилцаад өнгөрсөн жилүүдэд хүн төрөлхтөн коронавирусаас гадна ёс суртахууны цар тахалтай тэмцсэн, одоо ч тэмцэж ч буй нь анзаарагдлаа.
Ковид яах аргагүй улс орнуудын хөгжлийн хөнжлийг хуу татан хаяж, ёс суртахууны том тестийг нийгмээр нь авч, нийтийг хамарсан эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн үед улстөрчид ямар шийдвэрийг хэрхэн гаргаж, тэрхүү шийдвэр нь нийгэмд ямар нөлөө үзүүлдэг, энэ бүхэн нийлээд бүс нутаг болон дэлхийн түвшинд хэрхэн уялдаж, бас эс уялдаж болдгийг бодит жишээгээр харуулжээ. Эдгээрээс дараах хэдэн зүйлийг онцлон та бүхэнтэй хуваалцъя.
Хятадын нөлөө. Судалгаанд оролцсон дээрх 11 орноос 10 нь буюу Энэтхэгээс бусад нь Хятадын тусламжтайгаар ард иргэдээ вакцинжуулжээ. Хэдийгээр Энэтхэг улс АНУ, Австрали, Японтой (QUAD) хамтран дэлхийн вакцины нийлүүлэлтэнд гарч буй хомсдлыг арилгахаар ажилласан боловч амлалтандаа хүрч чадаагүй. Харин эсрэгээр Хятад улс Зүүн Өмнөд, Зүүн, Төв Азийн бүсийн орнуудыг цар тахлын хүнд үеэр өөрийн оронд үйлдвэрлэсэн вакцинаар хангаж, гео улстөрийн хувьд томоохон тоглолт хийж чаджээ.
Хэдий НҮБ-ын Хүүхдийн Сан, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын COVAX хөтөлбөрт дээрх улсуудын зарим нь хамрагдсан боловч энэ үед вакцин нь хүн амын эрүүл мэндийг хамгаалах бүтээгдэхүүнээс гадна дэлхийн улс орнуудын хувьд стратегийн товаарт тооцогдож байв. Монгол Улс хүнд байх үед нь Хятадад амьд хонь илгээж, эргээд хятадын иргэдээс идээний дээж болсон цайг нь хүлээн авч ковидын үед вакцины дипломат ажиллагааг амжилттай хийсэн. Товчхондоо, гэнэтийн үүссэн нөхцөл байдлыг ашиглан нэг улс хэрхэн бусаддаа улс төрийн нөлөөгөө ихэсгэж, бүс нутагтаа стратегийн хөшүүрэг хийж болдог зөөлөн хүчний бодлогыг Хятад харуулсан.
Мэдээллийн тэгш бус байдал. Вакцинтай холбоотой нэгдсэн, тодорхой, хүртээмжтэй мэдээлэлтэй байсан улс судалгаанд оролцогчдын дунд байсангүй. Оруулж ирсэн вакцины тунгийн хэмжээ, шаардлагатай буй тун, нэгжийн үнэ, вакциныг оруулж ирсэн болон дотооддоо хуваарилж хүргэх үед гарсан задрал, дуусах хугацаа, вакцины регистерийн дугаар, вакцинд хамрагдсан иргэдийн мэдээлэл зэрэг нь одоог хүртэл бүрэн нээлттэй болоогүй байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд хүсэлт гаргаж, шаардлага тавьж буй боловч үр дүнд хүрээгүй.
Онцгой байдлыг далимдуулан төсвийн мөнгийг хамаагүй үрэх, үр ашиггүй зарцуулах, авлига, хээл хахуулийн хэрэг энэхүү мэдээллийн тэгш бус байдлаас үүсэлтэй.
Энэхүү байдал болон зохион байгуулалт муугаас олон улс вакцины хомсдолд орж байсан бол эсрэгээр Филиппин улс 50 сая тун илүү захиалга хийж, үүнээс 44 саяыг нь хугацаа нь дуусахаас өмнө хэрэглэж чадахгүй үхүүлжээ. Энэ бол цэвэр мэдээллийн тэгш бус, ил тод бус байдлаас үүдэлтэй зохион байгуулалт, удирдлага, улстөрдчийн ёс зүйн асуудал юм. Сүүлдээ вакцинжуулалт олон оронд улс төр болж хувирсан. Улстөрчид нэр хүндээ өсгөхийн тулд нийтийн эрүүл мэнд, цар тахал, вакциныг ашигласан нь байж боломжгүй үйлдэл билээ.
Мэдээллийн технологийн хүртээмж. Судалгаанд хамрагдсан 11 улс бүгд мэдээллийн технологи ашиглан олон нийтэд мэдээлэл түгээсэн. Гэвч энэхүү мэдээллийн дэд бүтэц нь ард иргэдэд жигд хүртээмжтэй байж чадсан уу гэвэл том асуултын тэмдэг гарч байна. Интернэт ашиглах боломжгүй нийгмийн бүлгүүдээс гадна цагаачид, нийгмийн цөөнх зэрэг бүлгийн хүмүүсийн мэдээлэл улс орнуудын бүртгэлийн санд бүрэн байгаагүйгээс вакцинд хамрагдаж чадаагүй тохиолдол гарчээ. Үүний улмаас вакцинтай холбоотой худал болон буруу мэдээлэл санаатай, санамсаргүй байдлаар нийгэмд хүчтэй тархсан. Өөрөөр хэлбэл, цар тахал улс орнуудын цахим хуваагдлыг илчлэн гаргалаа.
Үл итгэх байдал. Вакцинд үл итгэх байдал судалгаанд оролцсон бүх 11 улсад нийтлэг байна. Энэтхэгчүүд өөрсдийнхөө хийсэн вакцинд үл итгэж байсан бол Филиппин иргэд эм, вакцинтай холбоотой өмнөх Dengvaxia-ийн кэйсээс болоод эргэлзсээр байв. Монгол, Непал, Камбож, Зүүн Тиморын хувьд хятад вакцинд итгэхийг хүсэхгүй нийгэмд багагүй шуугиан үүссэн. Эдгээр улсуудад аль нэг улсад үйлдвэрлэсэн вакцинаас гадна ер нь вакцин хэрэггүй, энэ бол хор, хийлгэж огт болохгүй зэргээр буруу болон худал мэдээлэл хүчтэй тархаж, нийгмийг хоёр хуваах үзэгдэл багагүй ажиглагдсан. Мэдлэг, мэдээллийг зөрүүгээс үүдэлтэй энэхүү үл итгэх байдлаас болж вакцинжуулалтын эхний шатанд хүмүүсийн идэвх тийм ч өндөр байгаагүй нь жишээ нь Монголын кэйсээс тодорхой харагддаг. Түүх, улс төр, эдийн засгийн харилцааны хувьд Хятад, Оросоос багагүй хамааралтай Казакстан улс вакцин дээр гео улс төрийн хайчинд орсон байдаг.
Ёс суртахууны цар тахал
Эхэн үедээ зөвхөн Орос, Хятадын вакцины сонголттой байсан казах иргэдийн хувьд нэг нь л Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаар зөвшөөрөгдсөн байв. Хэдийгээр өөрсдөө QazVac хэмээх вакцинаа хийсэн ч олон улсын эрдэмтэд, өөрсдийн иргэдийн зүгээс үл итгэх байдалтай нүүр тулсан. Иймээс улс төр, шашин, нийгмийн харилцаагаа ашиглан казакууд Арабын Нэгдсэн Эмират, Турк, Хорват, Болгар улсууд руу вакцины тусгай аяллыг зохион байгуулахаас гадна хөрш Узбекстан улсаас хүртэл вакцин татаж байжээ. Энэ бүхэн нийгмийн ялгаа, эрүүл мэндийн үйлчилгээний тэгж бус байдлыг харуулахаас гадна хүн болгон ингэж гадаад руу аялал хийж вакцин тариулах боломжгүй гэдэг нь ойлгомжтой билээ.
Ёс суртахууны сонголт. Судалгааны тайлангийн энэ хэсгийг уншихаар “Noah”, “The day after tomorrow”, “Greenland” кинонууд шууд санаанд орж байв. “Вирус нэг тарчихвал дарга, цэрэг гэж ялгахгүй юм билээ” гэж Монгол Улсын сайдаар ажиллаж байсан нэгэн хүртэл хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл, улс орнууд нэн тэргүүнд вакцинд хамруулах иргэд, нийгмийн бүлгээ хэрхэн тодорхойлсон нь ойлгомжгүй, ингэж тодорхойлохдоо янз бүрийн стратеги барихаас гадна ёс суртахууны сонголтуудыг хийжээ. Дарга нар, мэдээлэлд ойрхон байсан хүмүүс шударга бусаар нэн тэргүүнд вакцинд хамрагдах хүмүүсийн жагсаалтанд орсон кэйсүүдийг бид сонсож байсан.
Нийт иргэдийн тоотой нь харьцуулбал хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг Афганистан улс вакцинд анхандаа нийгмийн энэ эмзэг бүлгээ вакцинд нэн тэргүүн хамруулах жагсаалтандаа оруулаагүй.
Филиппин улс нийтийн эрүүл мэндийг хамгаалахаас гадна эдийн засгаа бас тэнцвэртэй авч үзэх ёстой гээд вакцинд нэн тэргүүн хамруулах хүмүүсийн жагсаалтанд ДНБ-нд хамгийн өндөр хувь нэмэр оруулдаг иргэд, компанийн төлөөллийг оруулж вакцины хуваарилалтыг хийсэн байх жишээтэй.
Энэ хэрээр хувиараа аж ахуйгаа эрхлээд амиа авч явдаг байсан маш олон жижиг, дунд компани, хувь хүмүүс том корпорацийн ажилтнуудтай харьцуулахад шударга бусаар засгийн газартаа үзэгдэж, “золиос”-нд явжээ гэсэн үг. Түүнчлэн Непал улсад дипломат болон хэвлэл мэдээллийн байгууллагуудын ажилчдыг өндөр настнуудаас түрүүлж вакцинд хамруулах шийдвэр гаргасан нь багагүй шүүмжлэлд өртсөн. Үүнийг улстөрчдийн хийсэн тоглолт байсан гэж дүгнэж буйгаас гадна хот, хөдөөгийн хөгжлийн ялгаанаас болж хүн амын 80 хувийг бүрдүүлдэг хөдөө, хязгаар нутгийн иргэд вакцинд шуурхай хамрагдаж чадаагүй. Мөн хүүхдэд вакцин хийх ёстой, ёсгүй гэдэг маргаан одоог хүртэл үргэлжилсээр байна.
Судалгаанд хамрагдсан 11 улсад вакцины хүртээмж, тэгш бус байдалтай холбоотой асуудлыг суурь нь хүйс, түүнчлэн нийгмийн цөөнхийн бүлэгтэй холбоотой байна. Тэр дундаа дүрвэгч, цагаач иргэдийн асуудал хурцаар хөндөгдөнө. Энэ бол ямар ч маргаан байхгүй бусдыг ялгаваран гадуурхах асуудал юм. Хүйстэй холбоотой Энэтхэг улсын жишээг дурдъя. Эмэгтэйчүүд вакцинд эрчүүдээс хамаагүй бага хувиар хамрагдсан гурван шалтгааныг судалгаагаар гаргажээ. Эдгээр нь эцгийн эрхт ёс дээр суурилсан эмэгтэйчүүдийн эрхийг зөрчдсөн уламжлалт ахуй, эмэгтэйчүүдийн хязгаарлагдмал дижитал хэрэглээ буюу цахим хуваагдал, эцэст нь вакцин тариулбал эмэгтэйчүүдийн сарын тэмдэг болон эрүүл мэндэд нь сөрөг муу нөлөөтэй гэх буруу, худал мэдээлэл байжээ. Хөрш Бангладеш улсад гудамжны цэвэрлэгч, хог цуглуулж хаядаг ажилчид, албан бусаар хөдөлмөр эрхэлдэг цагаач иргэд вакцинд хамрагдаагүй тэр чигээрээ хаягдсан (хаясан) байх жишээтэй.
Уугуул иргэд болон үндэстний цөөнх, ядуу, эмзэг бүлэг, улс төрийн дүрвэгч, цагаач ажилчид, хөгжлийн бэрхшээлтэй, бэлгийн цөөнх буюу ЛГБТ бүлэг, ДОХ-ын халдвар авсан иргэд нийгмийн ялгаварлан гадуурхалтаас болж эрхээ бүрэн эдэлж чадаагүй байна.
Бангладеш улс хамгийн их тоогоор цагаач, дүрвэгчдийн хүлээн авдаг дэлхийн топ улсын нэг. Тэр утгаараа анх удаа дүрвэгчдийг вакцинд хамруулах бодлого гарган Рохингяа үндэстэнд амжилттай хэрэгжүүлсэн. Непал, Камбож зэрэг улсуудад шашны лидерүүд манайлан шашны болон угсаатны цөөнхийг вакцинд идэвхтэй хамруулах тал дээр амжилттай ажилласан сайхан кэйсүүд ч байна. Энэ бүхэн дээр эдгээр улсуудын иргэний нийгмийн дуу хоолой маш хүчтэй байж, энэ хэрээр нийгмийн эмзэг бүлгийнхэн хожуу ч гэсэн эрхээ хамгаалж чаджээ.
Вакцины хуваарилалт. Судалгаанд хамрагдсан ихэнх улс цар тахлын үеэр онц байдал тогтоож, төвлөрсөн хатуу удирдлага хэрэгжүүлсэн. Харин Индонез, Филиппин зэрэг улсууд төвлөрсөн бус удирдлагыг хэрэгжүүлснээр хамаагүй илүү үр дүнтэй ажиллажээ. Эдгээр улсад төрийн төв байгууллагаас гадна хот, дүүрэг, хороо, аймаг, сум, багийн удирдлагууд вакцины хуваарилалтанд оролцож, шууд шийдвэр гарган ажиллах эрхтэй байв. Үүнээс гадна хувийн хэвшлийн байгууллагуудаа Энэтхэг, Индонез, Филиппин улсууд нилээдгүй эрх мэдэлтэй оролцуулжээ.
Монгол Улсын хувьд Худалдаа Хөгжлийн Банк бүх харилцагч нараа вакцинжуулна гэж зарласан боловч энэ амлалтаа хэзээ ч хэрэгжүүлээгүй, нэр хүндээ шалаар арчуулсан билээ. Эсрэгээр Анд Системс компанийн залуус ковидын тархалт, вакцинжуулалтын мэдээллийг синхрон байдлаар нэгтгэн апп дээр шууд үзүүлэх шийдлийг сайн дураараа хийж төрд тусалсан байдаг.
Тэгвэл Индонезийн Худалдаа аж үйлдвэрийн танхим төртэйгээ хамтран сүргийн дархлаа үүсгэх зорилгоор вакцины хуваарилалтын хөтөлбөр дээрээ хамтран ажиллажээ. Гэсэн хэдий ч хувийн хэвшил нийтийн эрүүл мэндийн зорилгоосоо хазайн ашгийн төлөө явж эхэлснээр зарим оронд энэхүү төвлөрсөн бус хуваарилалт задарсан байна. Хувийн эмнэлгүүд вакциныг төлбөртэй хийж эхэлмэгц нийгмийн эмзэг бүлгийн хүртээмж эрс буурч, энэ хэрээр эрүүл мэндийн үйлчилгээний тэгш бус байдал газар авчээ. Тайландын вакцинжуулалтын газрын зургаас нэг зүйл маш тод харагддаг. Тайландын хамгий ядуу дөрвөн тосгон вакцинд хамгийн бага хувьтай хамрагдсан байдаг. Бусад улсад ч мөн адил вакцинжуулалтын хувьд нийгэм, эдийн засгийн тэгш бус байдлыг томруулан гаргаж өгсөн нь бодлого боловсруулагчид, шийдэр гаргагчдад том дохио болсон болов уу.
Дүгнэлт: Энэхүү судалгааны тайлан вакцины хүртээмжтэй холбоотой газар зүй, технологи, зорилтот бүлэг, хууль эрх зүйн орчин, ядуурал гэсэн таван хэмжүүрийг гаргажээ. Энэ бол зөвхөн ковидтой холбоотой вакцинжуулалтын үр дүнгийн хэмжүүр биш бөгөөд харин улс орны хөгжлийг түргэтгэх, төрийн хариуцлагыг дээшлүүлэх, та бидний ёс суртахууны цар тахлыг дарах үндсэн жор гэж ойлгож болно. Вакцины тэгш хүртээмжтэй, ил тод байдлыг хангаж, ялангуяа тусгай хэрэгцээт, нийгмийн цөөнх, эмзэг бүлгийн эрхийг хамгаалахын тулд эдгээр улсуудын иргэний нийгэм болон хэвлэл мэдээллийн байгууллагууд үнэлж баршгүй тус хүргэж, маш том эерэг нөлөөг шийдвэр гаргагчид, ард иргэдэд үзүүлж чаджээ.
Ёс суртахууны цар тахал
Цар тахал хэдэн сая хүний амийг авч одохоос гадна манай нийгмийн байгуулалтын системийн алдаа, цоорхой, төрийн байгууллагын бүтээмжгүй, үр ашиггүй талыг нь маш тодорхой харууллаа. Ялангуяа эрүүл мэндийн салбар цаашдын болзошгүй нөхцөл байдалд бэлэн байхын тулд багагүй өөрчлөлтийг хийх шаардлагатай болжээ. Түүнчлэн, улс орнууд гэнэтийн эрсдэл үүсэх ийм үед бусдын тусламжинд шууд найдахгүйгээр өөрөө өөрсдийгөө авран хамгаалах нөөц төлөвлөгөөг боловсруулан мөрдөх ёстой гэдэг нь маш тодорхой харагдлаа. Шуурхай, бодит цагийн, үнэн бөгөөд зөв мэдээ, мэдээллийн чөлөөт урсгал бүх нийтийг хамарсан гамшиг, эрсдлийн үед ямар чухал вэ гэдэг нь судалгааны тайлангаас уншигдаж байна.
Төрийн нээлттэй, ил тод байдал нэмэгдэх тусам хариуцлага өндөр болдог. Тэр утгаараа улс оронд онцгой байдал тогтоох нь хамгийн сүүлийн сонголт байх ёстой бөгөөд учир нь энэ нөхцөлд төр засагт тавих олон нийтийн хяналт, нэхэх хариуцлага гэдэг зүйл бараг үгүй болдог.
Иймээс аль болох хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран ажиллаж хэнийг ч ардаа үлдээхгүйн тулд тэгш хүртээмжтэй бодлого, төлөвлөгөө гарган ажиллах нь улс орнуудын засгийн газрын эрхэм зорилго байх ёстойг хэлэх нь илүүц биз ээ. Эцэст нь тэгш бус, ил тод биш байдал нийгмийн бүхий л сөрөг үзэгдлийн суурь байх бөгөөд энэ системийг засахгүйгээр ядуурал, авлига, хээл хахууль, шударга бус байдалтай тэмцэж эрх зүйт нийгмийг байгуулах боломжгүй ажээ.
Innovation for Change – East Asia бүсийн хийсэн энэхүү судалгааны тайланг бүрэн эхээр нь ЭНД дарж татаж авч уншиж танилцаарай! Мөн судалгаанд хамрагдсан улс орнуудын дэлгэрэнгүй тайланг ЭНД дарж уншина уу! Харин Монгол Улсад хийсэн судалгааны тайлантай ЭНД тарж танилцана уу!
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30419
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.