Б.Сүхбаатар: Албан тушаалаа урвуулан ашигласан нэр бүхий гаалийн байцаагч нарын хэргийг АТГ-д шилжүүллээ

2023-05-3 Мэдээ, мэдээлэл


Гаалийн байгууллагаас хэвлэлийн хурал хийв.

Хурлын эхэнд Статистик дүн шинжилгээний хэлтсийн дарга Э.Лхагвасүрэн “Гаалийн албан хаагчдын ажил үүргийг хуваарыг өмнө нь хүний оролцоогүй, цахимжуулж эхэлсэн явдал юм. Өмнө нь албан хаагчдын ажил үүргийн хуваарыг дарга нь хийхээс гадна, ил тод нээлттэй, шудрага явагддаг эсэх дээр нэлээдгүй хэл ам гардаг байсан. Энэ нь нэг талдаа ашиг сонирхлыг дагуулдаг гэх шүүмжлэл, гомдол санал ирдэг байсан. Иймд ГЕГ-аас 2023.04.01-ээс эхлэн Улаанбаатар хот дахь Гаалийн газарт, энэ сарын 1-ээс эхлэн Замын-Үүд дэх гаалийн газарт албан хаагчдын 15 хоног, 1 сар тутмын ажлын хуваарыг хүний оролцоогүй цахимжуулах ажлыг нэвтрүүллээ. Цаашид шат дараатай гаалийн бүх харьяа газруудад нэвтрэх юм. Ингэснээр гаальд ажилладаг албан хаагчдад ил тод, нээлттэй, шудрага ажиллах боломжийг бүрдүүлж өгч байгаа юм₮ гэв.

Мөн гаалийн алба хаагчдын сахилга, хариуцлагыг сайжруулах чиглэлээр дотоод хяналт шалгалтын ажлын талаар Хар тамхи, мөнгө угаахтай тэмцэх хэлтсийн дарга Б.Сүхбаатар танилцуулсан.

-Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын Гаалийн улсын байцаагч “О, Г, М” нар нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Алтанбулагийн чөлөөт бүсээс архи, согтууруулах ундааг удаа дараа хууль бусаар нэвтрүүлсэн үйлдэлд ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас дотоод хяналт, шалгалт явуулж, Гаалийн ерөнхий газрын даргын тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, албан тушаалаас нь түдгэлзүүлсэн. Дээрх нэр дурдсан алба хаагчдын авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй үйлдэлд Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

-Ажлын цагаар, албаны дүрэмт хувцастай архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан зөрчил гаргасан Замын-Үүд дэх гаалийн газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудал дахь гаалийн газар, Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Сургалтын төвийн нэр бүхий 6 АЛБА ХААГЧДАД сахилгын шийтгэл ногдуулав. Үүнээс Гаалийн улсын байцаагч “Б”, “Ж” нарын албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах, Гаалийн улсын ахлах байцаагч “Д”, “Ө” нарын албан тушаалыг бууруулах, Гаалийн улсын байцаагч “А”, Гаалийн улсын ахлах байцаагч “Г” нарт ГААЛИЙН АЛБАНААС ХАЛАХ сахилгын шийтгэл тус тус ногдуулав. Эдгээр алба хаагчдыг шууд удирдлагаар ханган ажиллаж буй газар, хороо, нэгжийн дарга, удирдлагуудад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3 дахь хэсэгт зааснаар нийт ажилтанд зарлах хэлбэрийн НЭЭЛТТЭЙ САНУУЛАХ САХИЛГЫН ШИЙТГЭЛ ногдуулсан.

-ГЕГ-ын Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас хийгдсэн дотоод, хяналт шалгалтаар Замын-Үүд дэх гаалийн газрын нэр бүхий 4 гаалийн улсын байцаагч, 4 гаалийн улсын ахлах байцаагч нар нь гаалийн хяналт шалгалтыг явуулахдаа албан үүргээ, албаны бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэлгүй өөртөө болон бусдад ДАВУУ БАЙДАЛ ОЛГОСОН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ЭС ҮЙЛДЭЛ ГАРГАСАН байх тул холбогдох баримт, материалын хамт харьяаллын дагуу Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байна.

-Зөрчилтэй тэмцэх, аюулгүй байдлын газраас Замын-Үүд дэх гаалийн газарт үйл ажиллагаа явуулж байгаа гаалийн зуучлагч компаниудын бүртгэгдсэн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаанд шалгалт хийж 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш гаалийн байгууллагад бараа, тээврийн хэрэгсэл мэдүүлэх явцад 2 ба түүнээс дээш удаа гаалийн болон бусад татвар төлөхөөс зайлсхийх, гаалийн статистик мэдээнд сөрөгөөр нөлөөлөхүйц алдаа гаргасан 15 гаалийн зуучлагч компанийн 26 гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасны дагуу хариуцлага тооцож, холбогдох арга хэмжээг авч ажилласан.

Өнөөдрийн онч үг

17 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.