Өвөрмонголын малчид 3.8 сая төгрөгийн өртөг бүхий ном хандивлажээ

2023-05-1 Мэдээ, мэдээлэл


Өвөрмонголын малчид 3.8 сая төгрөгийн өртөг бүхий Монгол бичгийн номыг Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 16 дугаар сургуулийн сурагчдад хандивлажээ.

Сүхбаатар дүүрэг 20 хороотой бөгөөд 10, 11, 13 дугаар хорооны хүүхдүүд 16 дугаар сургуульд хамрагддаг байна.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны сурагчид монгол хэл үзэхгүй болсонтой холбоотойгоор ийнхүү малчид хөдөлгөөн өрнүүлж, уйгаржин бичгээр бичигдсэн номнуудыг илгээж эхэлсэний түрүүч нь энэ аж. Цаашид ч ном илгээхээ мэдэгдсэн талаар тус сургуулийн нийгмийн ажилтан Г.Нямдаваа хэлж байв.

Тэрбээр “Өвөрмонголд байдаг найз маань уйгаржин бичгийг улам дэлгэрүүлж, сурагчдад энэ талаар таниулах нь чухал гэдгийг онцолж, эхний ээлжинд 3.8 сая төгрөгийн ном илгээсэн. Дахин ном илгээх боломжтой гэдгээ хэлсэн. Хэрэв дахин ном ирвэл дүүргийнхээ бусад сургуулиудад хуваарилж, сурагчид номын санд хүссэн үедээ авч уншиж, судлах боломжоор хангах юм” гэлээ.

БНХАУ-ын ӨМЗО-ны Хөлөн буйр аймгийн Шинэ Барга зүүн хошууны Шарнууд овогт П.Эрхэмбилэг тэргүүтэй малчид цар тахлын үед 4 сая төгрөг хандивлаж, эмзэг бүлгийн 60 өрхөд тусалж байсан удаатай.

Ковид-19 цар тахлын улмаас Монгол Улсад хөл хорио тогтоож, өдрийн орлогоороо амьдралаа залгуулдаг хүмүүсийн орлого тасарч, хүнд байдал бий болсон. Мөн сурагчид гэрийн хорионд шилжиж, цахимаар хичээллэж байсан үе. Тухайн үед телевизоргүйгээсээ болж хичээлээ хийж чаддаггүй сурагчид ч байсан аж.

Тиймээс Сүхбаатар дүүргийн 12-р хорооны Засаг дарга Ц.Долгормаа, 16-р сургуулийн нийгмийн ажилтан Г.Нямдаваа нар хамтран амьдралын боломж муутай өдрийн орлогоороо цалинждаг айлын хүүхдүүд болон өндөр настануудад нэн шаардлагатай эд материалаар туслалцаа үзүүлжээ. Мөн 16-р сургуулийн нийгмийн ажилтан Г.Нямдаваа нь өөрийн найзуудыг уриалж хандивын аян өрнүүлэн энэхүү үйл ажиллагааг хэрэгжүүлсэн байна. Хандивын үйл ажиллагаанд 19 хүн 4,100,000 төгрөг хандивлаж байжээ. Уг хандиваар 60 өрхөд эхний ээлжид нэн шаардлагатай байгаа түлш, зурагт, хүнс, өргөн хэрэглээний бараа авч өгсөн байна. Цахим хичээлдээ хамрагдаж чаддагүй хүүхдүүдийн ар гэрт телевизор авч өгсөн ч бий аж.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.