Хятадын тэрбумтан учир битүүлгээр алга болжээ

2017-06-15 Ертөнц

Хятадын тэрбумтнуудын нэг Ву Сиаохуй учир битүүлгээр “алга болжээ”. “Анбанг” хэмээх томоохон даатгалын группийг удирддаг тэрээр өнгөрсөн баасан гарагаас хойш сураггүй байгаа аж. Харин Хятадын бизнесийн сэтгүүл “Кайжин”-д түүнийг хуулийн байгууллагад чимээгүйхэн баривчлан авч явсан гэж мэдээлжээ.

Anbang Insurance Group бол 2004 онд байгуулагдсан. Анхандаа тээврийн хэрэгслийн даатгалаар дагнадаг байсан тус компани маш хурдан өргөжин тэлж, хилийн чанадад өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө худалдан авах болсон. Тус групп одоогоор 30 мянган ажилтан, 800 тэрбум юань буюу 118 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэдэг.  Ийм том группийн эзнийг хуулийн байгууллага яагаад баривчлах болсон шалтгаан нь тодорхойгүй. Группийн цахим хуудаст захирал Ву хувийн шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон. Гэхдээ компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгаа гэдэг тайлбар хийжээ.

Ву Сиаохуйгийн алга болсон нь өнгөрсөн жил олноороо сураггүй алга болсон Хятадын бусад томоохон компанийн захирлуудын хэргийг сануулж байгаа юм. Өнгөрсөн онд Хятадын бизнесийн ертөнцийн томоохон төлөөлөгчдийг хуулийн байгууллагынхан ээлж дараалан шалгаж,  тэд нэг нэгээрээ сураггүй алга болж байсан. Эхэндээ учир битүүлгээр алга болсных нь дараа тэднийг баривчилсан гэх сураг гардаг байсан нь Ву Сиаохуйгийн хэрэгтэй ижил байгаа юм.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.