Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах туай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Энхболд тэргүүтэй гишүүд УИХ-ын даргад өргөн барьлаа. Тус хуулийн төслийн талаар нэр бүхий гишүүд мэдээлэл хийсэн юм.
УИХ-ын гишүүн Н.Энхболд:
-МАН-аас гурав, Ардчилсан намаас хоёр, ХҮН намын төлөөлөл Сонгуулийн тухай хуулийн ажлын хэсэгт орж ажиллаж, бүгд санал нэгдсэн. Сонгууль дахь мөнгөний нөлөөг арилгахад холимог тогтолцоо давуу талтай. Аль болох хүний санал УИХ-ын гишүүний суудлын тоон дээр заавал тусгалаа олох манайд хамгийн сайн тохирох хувилбарыг холимог тогтолцоог сонгон авч хуулийн төслөө өргөн мэдүүллээ. Мажоритар тогтолцооны хувьд “Иргэдийн саналын тал хувь нь УИХ-ын гадна үлдчихлээ” гэж хамгийн их шүүмжлэл хүлээдэг.
Нийт иргэдийн 50 орчим хувийн санал авсан улс төрийн хүчин УИХ-ын 70-80 хувийг бүрдүүлж байгаа нь нийгмийн шударга ёс талаасаа байж болшгүй зүйл. Хоёрдугаарт, нийгмийн бүхий л давхрагын төлөөлөл, хүсэл эрмэлзэл УИХ дээр тусгалаа олохгүй байна гэдэг асуудлыг олон жил яригдсан. Энэ удаагийн Сонгуулийн тухай хуулийг боловсруулахдаа зөвхөн 2024 оны сонгуулийг бодоогүй. Үндсэн хууль батлагдсанаас хойшхи УИХ-ын сонгуулиудын дүн, түүний үр дүн, нийгэм улс төрийн амьдралд үзүүлж байгаа нөлөө, иргэдийн байр суурь, сонгогчдын хүсэл эрмэлзэлийг хамтатгаж нэгтгээд уг хуулийн төслийг болрвсруулан оруулж ирсэн. Одоо УИХ-ын холбогдох бүтцийн байгууллагуудаар хэлэлцэж, сонгууль эхлэхээс жилийн өмнө уг хууль батлагдсан байх ёстой. Багцаа хугацаа хэлэхэд энэ оны зургадугаар сарын 20-ны үед Сонгуулийн хууль батлагдсан байх ёстой. Бидэнд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахад хоёр сарын л хугацаа байна. Бүхий л талаас нь хэлэлцэж уг хуулийг батлаад явах бодолтой байна. Албан ёсны хэлэлцүүллэгүүд ирэх долоо хоногоос явах байх.
УИХ-ын гишүүн Т.Доржханд:
-УИХ-ын гишүүнээс сонгогдсоноос хойш сонгуулийн холимог тогтолцоо зайлшгүй чухал. Үүнийг хийхгүй бол эдийн засаг 10-12 тэрбум доллар дээр гацчихлаа. Улс орны бүтээн байгуулалтыг хэлэлцэж шийддэг парламент биш тойргийг төлөөлсөн парламенттай боллоо гэдэг агуулгаар иргэдийнхээ саналыг авч ажилласан. Та бүхэн санаж байгаа бол 2022.06.28-нд Үндсэн хуулийн Цэц дээр эцсийн шийдвэр гарсан. Өөрөөр хэлбэл, мажоритар тогтолцоо биш пропорциональ тогтолцоогоор явах боломжтой гэдгийг эцэслэн шийдвэрлэсэн. Үүний үр дүн нь өнөөдрийн хуулийн төсөл юм. Энэ бол Монголчууд бидний хувьд таатай мэдээ. Учир нь УИХ-д суудалтай бүх намын төлөөлөл хоорондоо ойлголцсон. Ажлын хэсэгт орж ажилласан. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бүх намын төлөөллийн саналыг олон удаагийн хэлэлцүүлэгээр тусгасан. Энэ удаа зарчмын асуудалд нэгдсэн. УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл Сонгуулийн хуулийн төслийг боловсруулсан. Үр дүн бодитой гарна.
Нэгдүгээрт, УИХ-ын гишүүдийн 50 хувь нь пропорциональ элемэнтээр сонгогдоно. Өөрөөр хэлбэл, 50 хувь нь нийт Монголчуудаас буюу 3.4 сая иргэнийг төлөөлдөг болно. Үр дүнд нь эдийн засгийн томоохон бүтээн байгуулалтыг шийддэг, эрүүл мэтгэлцээн өрнүүлдэг, сонгодог парламентын жишиг рүү орж байна. Энэ бол дэвшил. Хоёрдугаарт, олон удаагийн парламентын сонгуулиар гадаадад байгаа Монголчуудын санал гээгддэг. Энэ Порпорциональ системтэй болсноор гадаадад амьдарч байгаа 200 гаруй мянган иргэний саналыг авах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, 2-3 аймгийн иргэдтэй тэнцэх хэмжээний иргэний саналыг парламентад тусгах боломжтой болж байна. Гуравдугаарт, нийгмийн төлөөлөлүүдийг оролцуулдаг байя тэр дундаа эмэгтэйчүүдийнхээ оролцоог хангахын тулд 50 хувийн пропорциональ тогтолцооны тал нь эмэгтэйчүүд байхаар тусгасан. Мөн жагсаалтад оруулахдаа нэг эрэгтэй, нэг эмэгтэй гэсэн байдлаар оруулах юм. Үр дүнд нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх юм.
Сонгуулийн тухай хууль хаврын чуулганаар батлагдвал Монгол Улсын эдийн засаг, эдийн засгийн аюулгүй байдал, тусгаар тогтнолд маш том дэвшил гарна.
Тус хуулийн төсөлд дараах харилцааг зохицуулахаар тусгасан байна.
1.Монгол Улсын Их Хурлын 38 гишүүнийг хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос, 38 гишүүнийг энэ хуульд заасны дагуу сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийн нэр дэвшигчдийн жагсаалтаас тус тус сонгох сонгуулийн хосолсон тогтолцоотой байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх, саналын хуудсыг хэвлүүлэх, сонгогч санал өгөх, түүнийг тоолох, дүн гаргах, суудал хуваарилах зэрэг харилцааг нарийвчилсан зохицуулалтуудыг тусгасан,
2.Монгол Улсаас гадаад улсад суугаа Элчин сайдын яам, Олон улсын байгууллагын дэргэд суугаа Монгол Улсын Байнгын Төлөөлөгчийн газар, Монгол Улсын Ерөнхий консулын газар, Консулын газар, Консулын төлөөлөгчийн газар байрладаг гадаад улсад байгаа сонгуулийн эрх бүхий иргэн сонгуульд оролцож, санал өгөх эрхтэй байхаар тусгаж, үүнтэй холбоотойгоор гадаад улсад байгаа иргэдээс санал авах ажиллагааг зохион байгуулах байнгын бус ажиллагаатай сонгуулийн байгууллагын бүтэц, бүрэн эрх, ажиллах журам, гадаад улсад байгаа иргэдийн сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, санал авах, тоолох,
3.Улс төрийн намын бүртгэл, өөрчлөлттэй холбоотойгоор нам сонгуульд оролцохоо илэрхийлэх, хүлээн авах, бүртгэх үйл ажиллагаатай холбоотойгоор гардаг хүндрэл, эрх зүйн тодорхойгүй байдлыг арилгах,
4.Сонгогчдийн нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах үйл ажиллагааны ил тод, нээлттэй, хяналттай байдлыг нэмэгдүүлэх, уг үйл ажиллагаанд төрийн байгууллага болон сонгуульд оролцогч талуудын оролцоог нэмэгдүүлэх,
5.Санал авах өдөр өөрийн харьяа хэсгийн хороонд саналаа өгөх боломжоор бүрэн хангагдаж чаддаггүй сонгогчид болох оюутан, ээлжийн ажил хийдэг зэрэг сонгогчдын сонгох эрхийг хангах шаардлагад үндэслэн урьдчилан санал авах,
6.Нам, эвсэл жагсаалтаар нэр дэвшүүлэхдээ 1:1 хүйсийн харьцаатай жагсаалтын дарааллыг үндэслэн нэр дэвшүүлэх,
7.Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байна гэж.
Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах сонгуулийн хосолсон тогтолцоо, түүний эрх зүйн орчин боловсронгуй болж, хууль хэрэглээний болоод зохион байгуулалтын хувьд нэг мөр, ойлгомжтой болохоос гадна хууль хоорондын уялдаа хангагдаж хэрэгжилтийг нэг мөр хангах нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.