Удирдагчид дүрвэгсдийн оронд байсан бол

2017-10-5 Ертөнц

Сирийн зураач Абдалла Аль Омаригийн маш сонирхолтой үзэсгэлэн Дубай хотноо гарч байна. Гял цял орчин, ажил хэрэгч хувцаслалт, эрч хүчтэй инээмсэглэсэн төрхөөр нь харж заншсан дэлхийн удирдагчдыг огт өөрөөр энэ үзэсгэлэнд харуулжээ. Хэрэв дэлхий дахины шийдвэр гаргагч эрхмүүд жирийн нэг дүрвэгч байсан бол яажшуухан харагдах байсныг Омари дүрслэн үзүүлжээ.

Омари өөрөө Сирийн дүрвэгч. Бельгид амьдардаг нэгэн аж. Дайны хөлөөс амь тэмцэн зугтаж, Европт хөл тавих хүртлээ дүрвэгсэд яаж зовж зүдэрдэг болохыг өөрийн биеэр үзэж туулсан тэрээр энэ бүхнийг харсан хэрнээ дорвитойхон алхам хийхгүй байгаа дэлхийн удирдагчдад шүүмжлэлтэй хандаж, тэднийг дүрвэгсдийн оронд тавьбал өөртэй нь адилхан хүн яаж зовж ядарч байгааг ойлгох болов уу гэж боджээ.

Хоёр жил шахам зурсан түүний бүтээлүүд дунд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампыг унтаж буй хүүхдээ элгэндээ тэвэрч яваа ядруухан эцэг мэтээр дүрсэлсэн бол Германы канцлер Ангела Меркелийг толгойдоо алчуур зангидсан жирийн нэг эзэгтэй маягаар харуулжээ.

Мөн Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг хүртэл ядуу дорой дүрвэгчийн дүрээр харуулсан нь үзэгчдийн сонирхлыг их татаж байна.

Зургаан жилийн нүүр үзэж буй Сирийн дайны улмаас таван сая хүн орон гэр, эх орноосоо дайжиж дүрвэсэн гэдэг тоо бий.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.