К.Роналду татвараас зугтсан уу

2017-06-15 Ертөнц

Хөлбөмбөгийн од Кристиану Роналду татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдлоо. Түүнийг 2011-2014 оны хооронд 16,4 сая ам.долларын татварын зөрчил гаргасан гэж Испанийн эрх бүхий байгууллага буруутгаж, прокурорт хэрэг үүсгэсэн байна. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчнөөр дөрвөнтөө шалгарч байсан Реал Мадрид багийн од Роналду 2010 оноос Испанийн хуулийн дагуу тус улсад хөдөлмөр эрхэлдэг гадаадын иргэний хувиар татвар төлж эхэлжээ. Гэвч тэр анхнаасаа өндөр орлого ашгаа татвараас нуух зорилгоор бизнесийн бүтцийг бий болгож, албаныхныг мунхруулж байсан гэж прокурорууд сэжиглэж байна.

Дэлхийн хамгийн өндөр орлоготой хөлбөмбөгчин гэгддэг Роналду өнгөрсөн 12 сарын хугацаанд 93 сая долларын орлого олсон гэж Forbes тооцжээ. Үүнээс 58 сая нь түүний цалин, гэрээний шагнал бол 35 сая нь реклам сурталчилгаа, бусад хамтын ажиллагааны гэрээнээс орж иржээ. Гэвч энэ өндөр орлогоосоо улсад зүй ёсны татвар төлөхөөс зайлсхийсэн гэж сэжиглэгдэж буй тэрээр хэрэв буруутай нь тогтоогдвол өндөр мөнгөн дүнгээр торгууль хүлээх магадлалтай юм. Гэхдээ түүнийг төлөөлдөг агентлагаас К.Роналду татвараас зайлсхийсэн явдал байхгүй, үүнд үл ойлголцол гарсан байна гэж мэдэгдэл хийгээд байна.

2016 онд Испанийн Барселона клубийн од Лионел Месси мөн ийм хэргээр шүүхийн хаалга татаж, 2,3 сая долларын торгууль хүлээсэн юм. Түүнд 21 сар хорих ял оноосон ч биеэр эдлээгүй юм.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.