Хойд Солонгосын хөдөлмөрийн лагерьт хоригдож байсан Америк оюутныг суллажээ. Гэхдээ тэрээр комд орж, ухаангүй болоод жил өнгөрсний дараа Хойд Солонгосын тал АНУ-д иргэнээ шилжүүлэн ав гэж хэл дуулгасан байна.
22 настай, Виржиниягийн их сургуулийн оюутан Отто Уормбиер өнгөрсөн оны эхээр Пьеняны нисэх буудлаас баривчлагдсан юм. Тэрээр аялал жуулчлалын зорилгоор Хойд Солонгост ирээд байхдаа Янгаккдо хэмээх өөрийн байрласан зочид буудлын зөвхөн ажилчид орох хэсгээс улс төрийн уриа бүхий лоозонг нь хулгайлсан юм. Хойд Солонгосын тал энэ явдлыг хүнд гэмт хэрэгт тооцож, 15 жил хорих лагерьт хөдөлмөр хийх шийтгэл ногдуулсан. Улмаар түүнийг оролцуулан хэвлэлийн бага хурал хийж, өөрийнх нь амаар Солонгосын төр, ард түмнээс уучлал гуйлгасан билээ. Сэтгүүлчдийн өмнө мэдээлэл хийж байхдаа эхэр татан уйлж байсан Отто Уормбиер саваагүйтэж дэггүйтсэндээ лоозонг хулгайлаагүй, анхнаасаа тийм зорилготой Хойд Солонгост ирсэн гэж мэдүүлсэн байдаг. Түүний элсэн орохыг хүсдэг Z нийгэм ба Нөхөрлөлийн нэгдсэн сүмээс Хойд Солонгосын улс төрийн ямар нэг уриа лоозонг хулгайлан авчирвал 10 мянган доллараар хуучин машин авч өгнө гэж амлажээ. Хэрэв энэ төлөвлөгөө нь бүтэлгүйтэж, Хойд Солонгост баригдвал эцэг эхэд нь нөхөн төлбөр болгож 200 мянган доллар өгнө гэж хэлсэн аж. Тухайн үед Отто Уормбиерын гэр бүл санхүүгийн бэрхшээлд байсан учир энэ саналыг хүлээн авч Хойд Солонгосоос лоозон хулгайлах гэж байгаад баригдсан юм.
“Энэ бол миний амьдралдаа хийсэн хамгийн том алдаа” хэмээн уйлж, мэдэгдэл хийж байсан Отто Уормбиер өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш сураггүй болсон юм. Гэтэл энэ сарын эхээр Хойд Солонгосын тал комд орж ухаангүй болсон иргэнээ шилжүүлэн ав гэж АНУ-д мэдэгджээ. “Washington Post”-д бичсэнээр бол Отто Уормбиер хэвлэлийн хурлын дараахан хоолны хордлогод ороод байх үедээ нойрсуулах үйлчилгээтэй эм уугаад түүнээс хойш огт сэрээгүй гэнэ.
Ухаангүй болсон иргэнээ АНУ авахаар Төрийн нарийн бичгийн даргын орлогчийг эмчийн хамт онгоцоор нисгэсэн байна. Хойд Солонгост жил гаруй хоригдсон Отто Уормбиерыг Японы Саппоро дахь цэргийн баазаар дамжуулан төрөлх хотод нь авчирч, эцэг эхэд нь хүлээлгэн өгч, эмчилгээ эхлүүлэх юм байна.
Одоо АНУ-ын өөр гурван иргэн Хойд Солонгост хоригдож буй аж.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30412
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.