Яс бэхжүүлж ядаргаа тайлах “Цагаан доктор”

2017-11-22 Made in Mongolia

Монгол брэнд

Брэнд гэх ойлголт нэг талаар цаг хугацааны шалгуур юм. Он цагийн уртад шинж байдал, шимт чанараа хадгалсаар ирсэн “ингэний хоормог” бол говийн ард түмний гол брэнд. Брэнд ч гэж бодолгүйгээр үе дамжин өдгөө хүртэл өдөр тутамдаа хэрэглэсээр энэхүү гайхамшигт ундааг олонд илүү таниулж, брэндийг “брэнджүүлж”  байгаа “Ингэн тагш” компанийг  энэ дугаартаа танилцуулъя. Энэ хамт олон уламжлалыг шинэчилж Өмнөговь аймгийн Мандал Овоо суманд орчин цагийн стандартаар үйлдвэрлэлээ  явуулж, хоормогийн шимт чанарыг хот хөдөөд түгээж байна.

Хүмүүний эрүүл аж төрөх нь олон хүчин зүйлээс шалтгаалах боловч хүнсний зохистой хэрэглээ эрүүл амьдралын үндсэн шалтгаан болдог. Монголчууд бидний хувьд дэлхий нийтэд тулгамдаж буй экологийн цэвэр хүнсийг эх орондоо үйлдвэрлэж, хэрэглэх хувьтай цөөн улсын нэг.  Экологийн цэвэр хүнсээр элгэн түмэндээ үйлчилж буй үйлдвэрлэгч олон залуусын нэг Өмнөговь аймгийн Мандал Овоо сумын “Ингэн тагш” ХХК-ийн захирал Х.Бат-Ирээдүйтэй ярилцлаа.

-Эрүүл мэндийг дэмжих, түгээх уриатай “Ингэн тагш” компанийн талаар яриагаа эхэлье?

-Манай компани говийн рашаан болсон ингэний сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг  найм дахь жилдээ эрхэлж байна. Ингэний сүү, ааруул, хоормог, тараг зэрэг бүтээгдэхүүнийг дан ганц говь нутгийнхан хэрэглэдэг байсныг илүү олон хүнд түгээхийг зорьж үүсгэн байгуулагчид болох Ц.Цогцолмаа, Л.Хүрэлбаатар нар өөрсдийн хөрөнгөөр “Ингэн тагш” компанийг байгуулсан. Жижиг цехийн хэмжээнд үйл ажиллагаагаа эхлүүлж 2011 онд  зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлэн, хоногт нэг тонн ингэний сүү боловсруулах үйлдвэрийг  ашиглалтад оруулсан.  Бэрхшээл саад бүрийг даван туулж  өнөөдөр говь нутагтаа жишиг болохуйц баялаг бүтээгчид болж, бүтээгдэхүүн маань амт чанар болон бүтээгдэхүүний ашиг шимтэй байдлаар бүрэн танигдлаа. Мандал-Овоо сумынхаа 230 гаруй малчнаас сардаа 4-5 тонн, жилдээ 40-50 тонн ингэний сүүг авч 12 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж Улаанбаатар хотын томоохон супермаркетуудаар худалдаалж байна. Өнөөдрийн байдлаар ингэний хоормог, ингэний аарцны ундаа, ингэний аарц, ингэний сүүн иогурт,  ингэний ааруул,  хорхой ааруул, цагаан тос, бяслаг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж хэрэглэгчдэдээ хүргэж байна.

-Ингэний сүүний шимт чанарын талаар илүү тодорхой ярьж өгнө үү?

-Ингэний сүү нь бусад малын сүүнээс лейцин, изолейцин, метионин зэрэг уургийн амин хүчлүүд,  В,С аминдэм, кальци, фосфор, кали зэрэг эрдэс бодис их хэмжээгээр агуулдаг бөгөөд эхийн сүүтэй хамгийн ойролцоо малын сүү учраас  хүүхдийн тэжээл, эмчилгээ, сувилгаа эрүүл мэндийн зориулалтаар хэрэглэхэд тохиромжтой. Нөгөө талаар ингэний сүү тос ихээр агуулдаг учир ходоод гэдэс хямрах, элэг цөс өвдөх, хууч өвчин сэдрэх гэх мэт хүний биед сөрөг нөлөө үзүүлэх тохиолдол байдаг. Үйлдвэрийн аргаар ингэний сүүг боловсруулж, өндөр температурт ариутгаснаар тослогийг бууруулж сөрөг нөлөөгүй болдог.

-Бүтээгдэхүүний борлуулалт хэр байдаг вэ? Ингэний хоормогийн тамир тэнхээ сэргээх, хаван хөөх уламжлалт хэрэглээг манайхан хэр мэддэг вэ?

-Ингэний сүү сүүн бүтээгдэхүүний давуу талыг мэддэг манай бүтээгдэхүүнийг тогтмол худалдан авдаг хэрэглэгч цөөнгүй.  Гэхдээ  гоё ганган хийц загвартай янз бүрийн сиропоор найруулсан гаазтай, гаазгүй ундааг худалдан авдаг хэрэглэгчид нь түүнээс ч илүү байдаг.Бид малчдаас ирсэн хоормогийг дөрвөн тоннын багтаамжтай хөргөх саванд юүлж, 300 литрийн тогоо руу хоолойгоор дамжуулан 100 градуст буцалгаж хоормогоо хүйтэн усанд хөргөн тослогийг тохируулан савлахад бэлэн болгодог. Ингэний тараг, иогурт хийх тохиолдолд буцалгасан хоормогоо тараг бүрэх хэмжээнд хасах 42 градуст хөргөн, миксердэж, 50 градусын халуун камерт таван цаг байлгадаг юм. Хамгийн сүүлд “Цагаан доктор” ХХК-тай хамтран сав баглаа боодол, хаяг шошгын олон улсын стандартыг хангасан “Цагаан доктор” нэрийн монгол ундааг  үйлдвэрлэн хэрэглэгчдийн хүртээл болгоод байна.

–  “Цагаан доктор”-ын гол онцлог юу вэ?

-“Цагаан доктор” нь ингэний сүү, сүүн хүчлийн ашигтай бичил биетний хөрөнгийг агуулсан элдэв нөөшлөх, амт, үнэр оруулагч агуулаагүй бөгөөд ингэний сүүний тосыг багасгаж, өндөр температурт ариутган үйлдвэрлэсэн монгол ундаа юм. Энэ ундаанд хүний биед нэн хэрэгцээтэй үл орлох аминхүчил, амин дэм, эрдэс бодисыг ихээр агуулдаг бөгөөд хүний биеийн дархлаа сэргээх, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, хордлого тайлах, ясны сийрэгжилт, шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, хавагнах чийг бам болон чихрийн шижин өвчний үед хэрэглэхэд тохиромжтой эрүүл мэндийн ундаа юм. Жишээ нь 1 сав “Цагаан доктор”-т  яс, шүдний бүтцэд оролцдог кальци, фосфор зэрэг элементүүд хүний хоногийн хэрэгцээний 60 хувийг хангах хэмжээтэй байгаа. Энэ бол маш өндөр үзүүлэлт бөгөөд байгалийн гаралтай эрдэс бодис хүний биед шингэхдээ химийн аргаар гаргаж авсан бэлдмэлүүдээс илүү байдгийг  дашрамд хэлэх нь зүйтэй байх. “Цагаан доктор”-ыг томоохон сүлжээ дэлгүүрүүдээс гадна 89114499, 99107076 утсаар захиалж авах боломжтой.

-Баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.

Д.Золжаргал

Өнөөдрийн онч үг

5 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.