Г.Занданшатар: Монгол Улсын хил халдашгүй дархан байгаа

2022-12-26 Мэдээ мэдээлэл

 

“Монгол Улсын хилийн зурвас газрыг тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай” УИХ-ын тогтоол батлагдсантай холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар, АБГББХ-ын дарга Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Н.Энхболд, ХХЕГ-ын дарга, холбогдох бусад хүмүүс мэдээлэл өглөө.


УИХ-ын дарга Г.Занданшатар “Сүүлийн үед нийгмийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр хоёр талын гэрээ болон НҮБ-д бүртгүүлсэн Монгол Улсын хилийн халдашгүй дархан байдал алдагдсан мэт ташаа мэдээлэл тарааж байгаатай холбоотойгоор мэдээлэл өгч байна. Монгол Улсын хил халдашгүй дархан байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, улсын хил халдашгүй дархан байна гэж Үндсэн хуулинд заасан байдаг. Газрын тухай хуулийн 16, 17 дугаар зүйлд хилийн зурвас газрын улсын тусгай хэрэгцээнд авна гэж заасан байдаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын халдашгүй дархан байдал, хил орчмын бүс нутгийн хил хамгаалалтын чадавхыг сайжруулах зорилгоор хилийн бүс орчим нутгийг улсын мэдэлд, тусгай хэрэгцээнд авсныг гуйвуулж байна. Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн, Монгол Улсын хилийн зурвас газрын тогтоож, улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолыг Хил хамгаалах ерөнхий газар, Геодези зураг зүйн газар, Барилга хот байгуулалтын яам зэрэг холбогдох тусгай албад нарийвчлан судалж, улсын тусгай хэрэгцээнд авсан.

Улсын мэдэлд авна гэдэг нь хил орчмын бүс нутагт зөвшөөрөлгүй газар эзэмшүүлэх, өмчлүүлэх явдлыг таслан зогсоох зорилгоор эрх зүйн үндсийг нь бүрдүүлсэн. Зөвхөн УИХ-аас шийдвэрлэдэг эрх зүйн үндсийг бүрдүүлж байна. Улсын тусгай хэрэгцээнд авснаар чөлөө, зөвшөөрөлгүйгээр хувь болон аж ахуйн нэгжийн зориулалтаар газар эзэмшүүлэх, өмчлүүлэх харилцааг таслан зогсоож байгаа харилцааг зогсоож байгаа эрх зүйн үндсийг бүрдүүлж байгаа юм. Үүнээс өөрөөр улсын хилийн халдашгүй дархан байдлыг алдагдуулах ямарваа нэгэн эрх зүйн акт үйлдэгдээгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна” гэлээ.

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.