Мөсөн бөмбөгний учир одоо хүртэл тайлагдаагүй байна

2018-02-19 Энтертайнмент

 

1990 онд Англи орон даяар уншдаг олон хэвлэлд үүлгүй цэлмэг тэнгэрээс гэнэт мөсний том том хэлтэрхий унасан байгалийн гайхалтай үзэгдлийн тухай мэдээ гарчээ.


Зургаадугаар сарын 14-нд 80 настай Мэри Никсон хатагтайн унтлагын өрөөнд хөл бөмбөгийн хэмжээтэй мөс байшингийн дээврийг цөм цохин орж ирсэн бол гурван өдрийн дараа дээрхтэй төстэй мөсний хэлтэрхий Стембриж-роудын оршин суугч Лиза Кентийн байшин дээр унажээ. Мөс байшингийн дээврийг нүх гартал нь цөмлөж таван настай хүүгийн унтаж байсан орны дэргэд унасан байна. Тэр мөс хагарч хэдэн хэсэгт хуваагдсаны хамгийн том нь бараг 5,5 килограмм жинтэй байсан аж.

Тэнгэрээс мөсний хэлтэрхий унах тохиолдлууд үүнээс эрт ч мэдэгдэж тэмдэглэгдэж байжээ. Жишээ нь, 1802 онд Энэтхэгийн Кавендиш хотод нэг ярд (91 см) өргөн, хагас тонн жинтэй том мөс унасан байна. 1950 оны 11 дүгээр сард Лондоны “Ивнинг ньюс” сонинд мэдээлснээр Девон дахь Норт-Мортоны ойролцоо орших Эксмур суурингийн нэг ферм тэнгэрээс унасан 14 фунтын (6 кг орчим) мөсний олон хэлтэрхийнд дарагдан нуржээ. Үүнээс 10 сарын өмнө нэгдүгээр сарын 10-нд 15 см зузаан, 1,8 м урт мөсөн жад Дюссельдорфд байшингийн дээвэр дээр ажиллаж байсан мужааныг нэвт сүлбэсэн аж. Энэ мэт тохиолдлыг (судлаач Рон Уиллис ийм 46 үзэгдлийн тухай мэдээ цуглуулсан байдаг) зарим эрдэмтэд “өндөрт нисч яваа онгоцны их биен дээр үүссэн ус хүйтэн хэмд хөлдөөд онгоц доошлох үеэр мөс болон газарт унадаг” хэмээн тайлбарладаг.

Гэвч гаж үзэгдэл судалдаг мэргэжилтнүүдийн тогтоосноор мөсөн бөмбөг агаарын гол замаас нэлээд алслагдсан газар нутагт болон нисэх онгоц дээгүүр нь явах огт боломжгүй газар тохиолдож байсан байна. Газарт унаж буй том том мөсний бүтэц ердийн мөснийхтэй адилгүй аж!

Газарт унаж буй том том мөс нь мөсөн сүүлт од юм гэсэн өөр нэг таамаглал байдаг. Гэвч энэ хувилбарт хэд хэдэн сул тал бий. Жишээ нь, тэнгэрийн гийчид дэлхийд буух замдаа агаар мандалд зүгээр л хайлж амжих магадлал илүү байгаа билээ. 1996 оны дөрөвдүгээр сарын 2-нд Английн Манчестер хотын захад явж байсан доктор Ричард Гриффитсийн хажууд хоёр килограмм орчим жинтэй том мөс унажээ. Цаг уур судлаач эрдэмтнийхээ хувьд Гриффитс барьц алдалгүй мөсний хамгийн том хэлтэрхийг гэртээ аваачаад хөлдөөгчид хийсэн байна.

Энэхүү “эд мөрийн баримтыг” Манчестерийн шинжлэх ухаан, технологийн хүрээлэнгийн лабораторид сайтар судалж үзэв. Үүний дүнд мөсний хэлтэрхий нь хоорондоо агаарын нимгэхэн бөмбөлгөөр тусгаарлагдсан 50 талстаас бүрдсэн болохыг тогтоосон байна. Энэ нь ердийн мөсний бүтэцтэй адилгүй, химийн бүрэлдэхүүн нь ч бас өөр байжээ. Хачин жигтэй мөсний хэлтэрхийн талст бүтэцтэй бага ч гэсэн төстэй зүйл үүсгэх гэсэн удаа дараагийн оролдлого амжилтгүй болсон байна. Эцсийн бүлэгт доктор Гриффитс болон түүний мэргэжил нэгтнүүд уг оньсогыг таах бүхий л найдлага тасарсан аж. Хурмаст тэнгэрээс унадаг мөсөн бөмбөгний тухай асуултын хариу одоо ч гэсэн олдоогүй байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.